Үндэсний Стратегийн Хүрээлэн

Institute for National Strategy

ОУВС-гийн хийж чадах болон хийж чадахгүй зүйлүүд

Монгол Улсын Засгийн газар улс төрийн бэрхшээл үүсгэж болзошгүй эрсдэлээс шантралгүй Олон улсын валютын сан (ОУВС)-тай хамтран хөтөлбөр хэрэгжүүлэх болсноо зарласан нь олон улсад өрөө барагдуулах чадваргүй нэр зүүхээс зайлсхийхийн тулд хийхээс өөр аргагүй алхам байв. Энд нэг зүйлийг онцлох нь зүйтэй. Монгол Улсын хамрагдах хөтөлбөр нь бага хүүтэй тусламжийн багц агаад санхүүжилт олгох донорууд нь Монгол Улстай урт хугацаанд найрсаг харилцаатай байж ирсэн Япон, ОУВС/Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк болон бусад түнш болно. Үүнээс гадна Хятадын Засгийн газар ирэх наймдугаар сард хугацаа нь дуусах байсан 2,2 тэрбум ам.долларын своп хэлцлийг дахин гурван жилээр сунгахаар болсон.

Хэд хэдэн донор хамтран санхүүжүүлэх уг хөтөлбөрт Монгол улсыг хамруулахын тулд тавьсан гол нөхцөл нь төсөв, санхүүгийн тогтолцоондоо чухал өөрчлөлтүүд хийх шаардлага байв. Хөтөлбөрийн хүрээнд 440 сая ам.долларыг ОУВС-гаас олгох ба нэмэлт таван тэрбум гаруй ам.доллар орж ирэх үүд хаалга нээгдэнэ. Тэрчлэн одоо байгаа зээлийг дахин санхүүжүүлэх багц мөн дагалдах юм.

ОУВС-гаас олгох 440 сая доллар нь гурван жилийн хугацаанд цувран орж ирэх тул Монголд тулгамдаж буй эдийн засгийн асуудлыг шууд шийдэх нөлөө нь бага. Харин багцыг бүхлээр нь авч үзвэл Засгийн газрын өрийг дахин санхүүжүүлэхэд нааштай нөлөө үзүүлэх сайн талтай. Саяхны нэг жишээ нь Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондыг (таван жилийн хугацаатай 5.75 хувийн хүүтэй) 600 сая ам.долларын Хуралдай бондоор (долоон жилийн хугацаатай 8.75 хувийн хүүтэй) сольсон явдал юм. Шинэ Хуралдай бонд таван жилийн өмнө арилжаалсан Хөгжлийн банкны бондоос 52 хувь илүү үнэтэй. Гэвч хүү нь 12 сарын өмнө арилжаалсан 500 сая ам.долларын бондтой харьцуулахад 2.1 хувиар бага буюу зээлийн өртөг нь 20 хувь бага байна. Үүнийг ОУВС-гийн хөтөлбөрийн анхны эерэг нөлөө гэж дүгнэж болох билээ.

Харин зээлдүүлэгчдийн зүгээс тавьж буй шаардлага нь товчхон хэлэхэд “биднээс тусламж авах гэж байгаа бол өөрийгөө өөд нь татах арга хэмжээ заавал ав” гэсэнтэй агаар нэг юм. Ерөнхийд нь авч үзвэл Монгол Улс төсвийн орлого, зарлагын шинэчлэлийг бондын өр болоод ОУВС-гийн хөтөлбөр байсан байгаагүй хийх ёстой.

2016 оны сүүл үе гэхэд төсвийн алдагдал ДНБ-ий 15 хувьтай, улсын секторын өр ДНБ-ий 78 хувьтай тэнцэх болсон (http://unuudur.mn/article/94871). Төсвийн зардал нь орлогоосоо алд дэлэм илүү хурдтай өсөж ирсэн байдаг. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ оргил үедээ байхад төсвийн алдагдал өндөр хувьд хүрч үүнийгээ нөхөхийн тулд Засгийн газар гадаадын зах зээлээс мөнгө босгож байв. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ бууснаар өрийн нөхцөл байдал улам бүр урхагшсан гэж хэлж болно.

Иймд санхүүгийн системд шинэчлэл хийх асуудлыг ОУВС оролцсон, оролцоогүй нухацтай авч үзэж хэрэгжүүлэх гарцаагүй хэрэгцээ байгаа бөгөөд ОУВС-гийн хөтөлбөрийн хувьд энэ ажлыг хэрэгжүүлэх явцад дэмжлэг үзүүлж буй юм гэж ойлгох нь зүйтэй. Асуудал үүсэх болсон гол шалтгаан нь анхнаасаа уул уурхайн бүтээгдэхүүний үнэ түр хугацаанд унасан явдал ч биш харин төсвийн алдагдал, үр ашиггүй байдлыг нөхцөлдүүлж буй алдаатай бодлого, санхүүгийн систем болохыг ойлгох нь чухал.

Зарим эдийн засагчийн зүгээс бэйлаут багц нь шаардлагагүй бөгөөд манайд тавьж буй нөхцөл нь шударга бус гэсэн байр  суурь илэрхийлж байна.

Үүнд хариу болгон нэг асуулт тавих нь зүйтэй санагдана. Эдийн засгийн бэрхшээлтэй тулгарсан хувь хүн, айл өрх, компани хамгийн түрүүнд ямар арга хэмжээ авах бол? Бэрхшээлийг сөхрөлгүй даван туулахын тулд ямар нэг өөрчлөлт санаачилж хийх нь гарцаагүй. Маш хурдан хугацаанд ямар нэг оновчтой арга хэмжээ авахгүй бол хамаатан садан, хувьцаа эзэмшигчид болоод түншүүд нь санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ больчих гэмтэй. Товчхондоо бүтцийн өөрчлөлт хийх эсвэл нэгмөсөн сөхрөх гэсэн хоёр сонголт л байна. Компаниудын хувьд бүтцийн өөрчлөлт хийхгүй бол дампуурна гэсэн үг.

 Төр бол албан ёсоор дампуурал зарлах нь үгүй. Үүний нэг тод жишээ нь Зимбабве улс байна.  Эдийн засаг, улсын төсөв санхүүг буруу бодлогоор залж удирдсантай холбоотой хямралд өртсөн орнуудад зээлдүүлэгчид дэмжлэгээ үзүүлэхээ нэн даруй зогсоох бодлого барих ба ямар нэг байдлаар дэмжлэг үзүүлэх бол заавал бодлогын шинэчлэл хийхийг шаарддаг.

Венесуэл гэх мэт зарим газар улстөрчид нь эдийн засагтаа нүүрэлсэн хямралыг огт байхгүй мэт дүр эсгэх, бусдаас буруу хайж цаг алдах байдлаар хямралыг улам ужигруулж буй жишээ бас байна.  Эдгээр улсад зээлийн эргэн төлөлт, бусад зардлыг санхүүжүүлэх гол арга нь мөнгө хэвлэх явдал бөгөөд улстөрчдийн хувьд өөрсдөө уснаас хуурай гарах, хувьдаа ашиг хонжоо хүртэх зорилгоор ийм явуургүй аргаар амь зогоодог гэж болно. Гэтэл эдийн засгийн бүтэцтэй холбоотой гажиг нь энэ завсар засагдахгүй үлдэж сүйрэл ойртсоор байх ба эдийн засаг нь сэргэх найдлага улам бүр хомсдсоор байна.

Эрх баригчдын зүгээс бизнесийн логикт нийцэхгүй бодлого хэрэгжүүлэх хандлага Монголд ч ажиглагдана. Сүүлийн жилүүдэд эдийн засагт хямрал нүүрлэсээр байхад гадаадын хөрөнгө оруулалт, татварын орлогыг  хэдэн тэрбумаар нэмэгдүүлэх байсан  хөрөнгө оруулалтын томоохон төслүүдээ удаашруулж гацаасан. Тавантолгойн гэрээ, ТЭЦ-5 болон Говийн цахилгаан станцын төслүүд нь наад зах нь таван тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт авчрах бололцоотой байв. Гэвч улс төрийн шалтгаанаар эдгээр нь урагшилж өгсөнгүй. Алдаатай шийдвэр гаргасан, хөрөнгө оруулагчидтай хамтран томоохон төслүүдээ гацаанаас гаргах боломжоо алдсан сайд дарга нар харин хариуцлага хүлээж байсан удаагүй билээ.

Ямар ч тохиолдолд дотооддоо хэрэгжүүлэх томоохон төслүүдээ санхүүжүүлэх хөрөнгийг олон улсын зах зээлээс босгох шаардлага шийдвэр гаргагчдад тулгарах ба ийм үед зээлэгчийн хувиар бизнесийн зарчимд захирагдахаас өөр аргагүй байдалд орох буюу авсан зээлээ цагт нь эргэн төлөхгүй бол хариуцлага хүлээх нь гарцаагүй болж ирдэг талтай.

Монголчууд бидний хувьд эдийн засаг нь өсөлттэй байхад төгрөгийн ханш чанга байдгийг богино боловч өнгөрсөн туршлагаас мэдэж авсан. Оюутолгойн төслийн бүтээн байгуулалт ид явагдаж, төмөр болон нүүрсний үнэ оргил үедээ хүрээд байсан тэр үеийг хүн бүр санаж буй биз.

 Харин одоо эдийн засаг сул байхад валютын ханш өсч, зээлийн хүү нэмэгдэх хандлагатайг нэлээд урт хугацаанд мэдэрч байна. Түүнчлэн гадаад өрөө эргэн төлөх зардал нь үндэсний мөнгөн тэмдэгтээр бодоод үзэхэд маш өндөр болж ирнэ. Төсвийн орлого буурахтай зэрэгцэн зарлагаа багасгах арга хэмжээ аваагүйтэй холбоотой нөхцөл байдал улам дордох нь тодорхой болоод буй.

Энэ нөхцөлд бодитой хэрэгжүүлж болох ганц арга байгаа нь ОУВС-гийн туслалцааны хөтөлбөр болно. Эмийг уухад гашуун боловч өвчнөө илааршуулахын тулд цаг алдалгүй уух нь ухаалаг хэрэг болно. Тусламж авахгүйгээр зүтгэх гэж үзвэл санхүүгийн хямрал доройтол гарцаагүй болж ирнэ. Уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлт ойрын хугацаанд дахин тохиохгүй нь тодорхой ба тохиосон ч түүнд найдах нь утгагүй.

Энд дахин нэг зүйлийг нэмж тодруулахад Засгийн газрын тавьсан өр зээл нь тогтвортой биш ба нэлээд их хөрөнгийг зээлийн эргэн төлөлтөд ойрын хугацаанд зарах болоод байгаа. Зээлийг нааштай нөхцөлтэйгөөр дахин санхүүжүүлэх нь эдийн засаг сул, өр ихтэй байгаа үед маш хэцүү.

 Хубилай бондыг амжилттай арилжсан явдал нь Монгол Улс ОУВС-тай хамтран хүндхэн нөхцөлд ороод байгаа санхүүгийн системээ сайжруулах арга хэмжээ авах нь гэж хөрөнгө оруулагчид итгэл үзүүлсэнтэй холбоотой.

Үндэсний Стратегийн хүрээлэн (ҮСХ)-гийн зүгээс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах Засгийн газрын шийдвэр, хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлэхээр болсон үүрэг амлалтыг дэмжиж байна. Зарим нэг бэрхшээл тохиох нь гарцаагүй ч алс хэтдээ Монгол Улс цэцэглэн хөгжих нь бид бүхний чин хүсэл агаад тэрхүү өөдрөг ирээдүйн зүг чиглэсэн анхны чухал алхам боллоо гэж үзэж байна.

Гэвч бэйлаут хөтөлбөр урт хугацааны шийдэл биш гэдгийг мөн ойлгох нь чухал юм. Засгийн газрын зүгээс эдийн засгийг сэргээх бодлого, хөтөлбөр гарган хэрэгжүүлж нийт иргэдэд хүртээмжтэй чанартай төрийн үйлчилгээ, ажилтай байж орлогоо ахиулах боломж нөхцөлөөр хангах нь маш чухал юм. Санхүүгийн тогтолцоонд бүтцийн өөрчлөлт хийж тогтвортой байдлыг хангах нь эдийн засаг сэргэхэд чухал нөлөө үзүүлнэ.

 Эрүүл саруул эдийн засгаар хүчээ сэлбэхүй

Өнөөдөр бидэнд нүүрлээд байгаа асуудлыг шийдэхэд хуучин өрөө дахин санхүүжүүлэх замаар төлж барагдуулах нь хангалттай биш. Төсвийн зардлаа танаж, татвар нэмэх нь ч хангалттай биш. Бусад улс оронд иргэд нь өдөр тутмын амьдралдаа хүртсээр анзаарахаа больсон сайн сайхан зүйлсийг бий болгохын тулд бидэнд “хүчтэй хөдөлгүүр” буюу өсөлттэй эрүүл саруул эдийн засаг шаардлагатай байна. Засгийн газрын зүгээс эдийн засгийн өсөлтийг хангаж, нэн түрүүнд тулгамдаж буй эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатайн зэрэгцээ бизнесийн орчныг сайжруулахад чиглэсэн арга хэмжээ зайлшгүй авах ёстой.

Агаарын бохирдол хэрээс хэтэрч, орчны эрүүл ахуй доройтсонтой холбоотой  нийгмээрээ эрүүл мэндийн хохирол амсахад хүрч байна. Төрийн зүгээс хөгшин залуугүй бүгд  эрүүл энх, тав тухтай оршин суух боломжтой хот сууринг барьж хөгжүүлэх үүрэгтэй. Эрүүл мэндийн асуудал бол яах аргагүй нэн тэргүүнд тавигдах ёстой асуудал мөн бөгөөд үүн дээр маргах хүн гарахгүй биз. ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд цэвэр эрүүл орчинтой хот бий болохгүй.

Бидний байнга санах ёстой нэг зүйл бол агаарын бохирдол гэх мэт шийдэлгүй орхисон нийгмийн асуудал бүрийн өртгийг нийтээрээ төлдөг явдал юм. Төрийн жишээг аваад үзэхэд эрүүл мэндийн төсөв нэмэгдэх бол бизнесийн байгууллагуудын хувьд бүтээмж багасах, ажилчдын ирц буурах, иргэдийн дунд өвчлөл нэмэгдэж дундаж наслалт багасах сөрөг нөлөөтэй.

Бизнесийн салбарт гадаад дотоодын чадалтай компаниуд гарч ирэх нь зайлшгүй чухал ба ашиг орлоготой байж өндөр цалинтай ажлын байр бий болгон татвар төлөх нь эдийн засагт ашиг тустай нь ойлгомжтой. Засгийн газраас цаашид бизнесийн салбар дахь төрийн оролцоог хумих нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлээд буй.  Гэвч нөгөө талаас төрийн өмчит компаниудын удирдах зөвлөлд яамдын төлөөлөгчид олноороо оролцох байдал дахин ажиглагдаж байгааг анхаарах нь зүйтэй.

Парламентад суудалтай бүх нам төрийн өмчит компани ажиллуулахад онохоосоо алдах нь илүү байдгийг хүлээн зөвшөөрдөг болоод байна. Төрийн эзэмшилд байгаа компани цэвэр бизнесийн горимоор ажиллаж үр дүнд хүрэх нь ховор. Төрөөс санхүүжиж, ашиг бага олж, татвар бага төлөх үзэгдэл харин элбэг. Хувийн бизнесийн байгууллагыг бодвол илүүдэл хүний нөөц ажиллуулах үзэгдэл байнга тохиолдоно.

Засгийн газрын хувьд эдүгээ олон улсын хөрөнгө оруулалтын дараагийн давалгааг хэрхэн өдөөх асуултын хариуг даруй олох шаардлагатай тулгараад буй. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд бүхий л салбарт хөрөнгө оруулалт багассан ба 2013 онд 6.57 их наяд төгрөг байсан хөрөнгө оруулалтын нийт дүн 2015 онд 4.754 их наяд төгрөг болж буурсан билээ. Үүнд зөвхөн гадаадын хөрөнгө оруулалтаар зогсохгүй дотоодын хувийн секторын болон төрийн хөрөнгө оруулалт буурсан үзүүлэлттэй байна.

Дотоодын банкууд дангаараа хувийн секторын хэрэгцээг хангах чадавх байхгүй. Иймд гаднаас хөрөнгө оруулалт, санхүүжилт олж ирэх нь Монголын эдийн засагт чухал ач холбогдолтой. Бизнесийн байгууллагуудын зээлжих өртгийг бууруулах ашиг орлоготой ажиллах нөхцөлийг бий болгох нь маш чухал юм. Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэж, дулааны ухаалаг технологи нэвтрүүлж, үр ашигтай цахилгаан дулааны станцууд байгуулах бол дээрх хоёр асуудлыг зэрэг авч үзэхээс өөр гарц байхгүй. Түүнчлэн санхүүгийн тогтолцоог өөрчилж сайжруулах урт хугацааны зорилт тавин ажиллах нь чухал юм.

Засгийн газрын зүгээс эдийн засгийг сэргээх дараагийн алхам, арга хэмжээг яаралтай авах шаардлага тулгамдаж байна. Үүнд бизнесийн секторыг татан оролцуулж гаднын хөрөнгө оруулагчид, дэмжигч, санхүүжүүлэгчдэд Монголд бизнес  хийн ашиг олох боломжоор даллан урин дуудах нь чухал асуудал юм. Үүнийг мөн л ОУВС-гийн хөтөлбөрөөр хийхгүй. Харин томоохон төслүүдээ эхлүүлэх дорвитой санаачилга гаргах хэрэгтэй байна.

Монгол Улсад байгалиас хайрласан эрдэс баялаг, мал аж ахуй байна. Баялаг соёл уламжлал, дэлхийн сонирхлыг өөрийн эрхгүй төрүүлсэн түүх байна. Нөгөөтэйгүүр Монголын ард түмэн дэлхийн соёл иргэншлээс өөрсдийгөө салган тусгаарлах  хүсэлгүй. Харин хүн ам цөөтэй учир гадаад руу хандсан зах зээлээ хэрхэн хөгжүүлж, бизнесийн шинэ санаачилгыг хэрхэн дэмжин татах вэ гэдэг дээр зөв зүйтэй шийдвэр гаргах шаардлага урган гарч байна. Ирээдүйд хэрэгжих томоохон төслүүдийг санхүүжүүлэх бизнесийн түншүүдийг  хэрхэн татаж, тогтоон барих талаар ухаалаг бодлого хэрэгжүүлэх шаардлага мөн тулгарч байна.

Уул уурхай, эрчим хүч,  дэд бүтэц, хөдөө аж ахуйн томоохон төсөл санаачлах нь эдийн засгийг харьцангуй хурдан сэргээх дөт арга мөн ч иргэдийн орлого, ажлын байр нэмэгдүүлэх тал дээр нөлөө нь шууд өргөн хүрээнд тусч гарах нь ховор. Бодлого боловсруулагчдын зүгээс дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчидтай таатай харилцаа бий болгох тал дээр хангалттай сайн ажиллаж чадалгүй байсаар өдий хүрсэн. Уг асуудлыг шийдэх нь Засгийн газрын хувьд нэн түрүүний чухал асуудлыг болохыг Ерөнхий сайд онцолсон удаатай.

Монгол Улс бусад ижил төстэй орчин нөхцөл бүхий улстай харьцуулахад яагаад хөрөнгө оруулалт хийхэд илүү тохиромжтой тухай итгэл үнэмшил төрүүлэхүйц дорвитой үндэслэл гаргаж сурталчлах шаардлага гарч ирж байна.

Хувийн бизнесийн салбарт таатай нөхцөл бүрдээд ирмэгц хөрөнгө оруулалт аяндаа орж ирэх нь гарцаагүй. Эсрэгээрээ бусад өрсөлдөгчтэй харьцуулахад нөхцөл байдал таатай биш бол хөрөнгө оруулалт дорвитой орж ирэхгүй нь ойлгомжтой. Засгийн газрын хувьд энэ асуудлыг нэн түрүүнд анхаарч ажиллах шаардлагатай болж байна. Энэ ажил амар биш нь тодорхой ч алдаагүй зөв хийх нь маш чухал юм.

Leave a Reply