Сонгуулийн үеэр бодлогын асуудлаарх мэтгэлцээнд анхааръя


Ирэх жилийн УИХ-ын сонгууль 2016 оны дундуур тохиож буй. Энэ хүртэл дэлхийн цөөнгүй улс орны эдийн засаг хүндхэн байгаа жишгийг даган Монголын эдийн засаг ч зутрангуй төрхтэй хэвээр байх нь нэгэнт тодорхой болоод байна. Уул уурхайн бүтээгдэхүүний үнийн уналт, Хятадын эдийн засгийн өсөлт саарсан зэрэг хүчин зүйл нь Монгол Улсын хувьд санаа зовних томоохон шалтгаан болж байна. Уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлтийн үе ард хоцорч, уналтын үе залгаад буй энэ үед дэлхийн бөмбөрцгийн хаана ч ямар ч сайн төсөл байсан санхүүжилт олоход бэрхтэй болсон ба ялангуяа шинэ тутам хөгжиж буй эдийн засагтай улсуудад бэрхшээл тулгарч байна.


Ирэх 10 сарын хугацаанд бид эдийн засгийн өсөлт хэрхэн эрчимтэй унаж буй талаар болон улстөрийн аль нам юу хийсэн, өрсөлдөгч намууд ямар алдаа гаргасан, юу хийвэл зохих байсан талаар ам булаалдах мэтгэлцээн улиг болтол сонсох нь гарцаагүй. Хэрэв өмнөх сонгуулиудын жишгийг дагавал бүгд бие биенээ буруутган хуруу чичилсээр сонгууль дуусгах нь тодорхой.

Гэвч өнөөгийн нөхцөл байдал улстөрийн шинэ арга барил шаардаж байна. Ирэх жилийн сонгуулиар Монголчуудад бодит үнэн мэдээлэл хамгийн эрхэм ба санхүүжүүлэх боломжгүй хоосон амлалт, аливааг муулж сайшаасан сүржин мэдэгдэл зэргийг шүүмжлэлтэй хүлээн авах нь чухал юм.

Сонгогчдын хувьд Монгол Улсын эдийн засгийг сэргээж, цаашид тогтвортой хөгжлийн замд залахад бодлогын ямар арга хэмжээ нь авах нь оновчтой талаар мэргэжлийн хүмүүсээс мэдээлэл авч сонголтоо хийх нь чухал.

Иймд ирэх нэг жилийн хугацаанд ҮСХ-ийн зүгээс Монголын ирээдүйд чухал нөлөөтэй бодлогын асуудлаар цуврал нийтлэл хүргэхээр зорилт тавин ажиллаж буй агаад улстөрийн намуудын зүгээс бодлогын асуудлаар эрүүл саруул мэтгэлцэхийн оронд бие биенээ буруутган, хуруу чичлэх нь хэтрэх аваас тэр даруйд нь сануулж байх болно.

Энэ хүрээнд Монголын ирээдүйд хамаатай асуудлаар сонгогчдод хэрэгтэй мэдээлэл хүргэхээр зорьж буй нийтлэлчдийн үгийг цуврал байдлаар нийтлэн хүргэхээр төлөвлөж байна.  Ингэхдээ бид аль нэг нам, улстөрийн хүчнээс хараат бус, бие даасан байхыг эрхэмлэх болно. Улс төрийн намд бус тухайн тодорхой асуудалд анхаарах нь бидний хувьд чухал юм.

Эхний ээлжинд бидний хүргэхээр бэлдсэн нийтлэл нь Монгол өрх бүрд хамаатай чухал сэдэв буюу үл хөдлөх хөрөнгийн асуудлыг хөндөж байна. Өмнө нь Ерөнхий Сайд Ч. Сайханбилэгийг томилогдсоны дараахан уншигчдад хүргэсэн 5 дугаар нийтлэлдээ бид засгийн газар хот байгуулалтад нэн даруй анхаарах шаардлагатай байгаа талаар сануулж байсан. Тэрхүү нийтлэлд “Эдийн засаг өсөхөд Оюу Толгой төслөөс гадна нэг гол хүчин зүйл нөлөөлсөн нь үл хөдлөх хөрөнгийн салбар юм. Харамсалтай нь төрийн зүгээс орон сууц худалдан авч буй иргэд, орон сууц барьж буй аж ахуйн нэгжүүдэд үзүүлж буй дэмжлэгээс үл хамааран орон сууцны үнэ маш их өссөн. ҮСХ-ийн дүгнэж буйгаар

  • Орон сууцны үнэ нь (чанартай нь харьцуулахад) барилга барих зардлаас огт хамаарахгүй байгаа бөгөөд орон сууц барьж буй компаниудын олж буй ашиг нь маш өндөр байна.
  • Дуусгаж амжаагүй барилгуудын тухайд бусад хүчин зүйл гэхээсээ илүүтэй барилгын компаниуд мөнгөө барсан нь гол шалтгаан болж байна.
  • Монголчууд төлж буй мөнгөндөө таарсан чанартай орон сууц эзэмших эрхтэй.
  • Өртөг багатай, олон давхар биш иргэдэд илүү хүртээмжтэй барилгуудыг тодорхой шалгуураар үнэлэн дэмжлэг үзүүлэх нь зүйтэй.
  • Оршин суугчдад зориулсан үйлчилгээ хомс, талбай багатай өндөр барилгуудад чихэлдэн амьдрахаас илүү дээр хувилбар Монголчуудад илүү хэрэгтэй.

Бидний хүргэхээр зэхсэн 11 дэх нийтлэлд Монгол улсын нийт хүн амын  50 хувь нь оршин суудаг Улаанбаатар хотын үл хөдлөх хөрөнгийн салбарын нөхцөл байдал, холбогдох бодлогын асуудлаар M.A.D. Investment Solutions /M.A.Д Инвэстмент Солушнз/ тодорхой мэдээлэл хүргэх болно.