Үндэсний Стратегийн Хүрээлэн

Institute for National Strategy

МАКРО ЭДИЙН ЗАСГИЙГ ТОГТВОРЖУУЛАХ НЬ /Нэгдүгээр хэсэг/

ҮСХ-ийн хөндөж буй асуудал

2011-2013 жилүүдэд эдийн засгийн үсрэнгүй өсөлт, эрчимтэй хөгжил, их хэмжээний гадаадын хөрөнгө оруулалт, үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдалтай харьцуулахад өнөөгийн эдийн засгийн ерөнхий байдал муудаж, макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд буурлаа. Монгол Улсын эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахын тулд макроэдийн засгийн бодлого эдийн засгийн чиглэлтэй байх нь зохистой вэ?

Зохиогчийн байр суурь

Эхлээд эдийн засгийн өсөлтийн гол үзүүлэлтүүдийг харахад, 2011 онд эдийн засаг 17,3 хувийн өсөлттэй байсан бол 2012 онд 12,3 хувь, 2013 онд 11,6 хувь өсчээ. Гэвч 2014 оны байдлаар эдийн засгийн өсөлт 5,3 хувь хүртэл буурахаар байгаа нь дэлхийн олон эдийн засаг хямралтай байсан 2010 оны манай орны өсөлтийн түвшингээс ч буурна гэсэн үг юм.

Өнөөгийн байдлаар гол санаа зовоож байгаа зүйлүүд гэвэл,

-Эдийн засгийн өсөлтийн хурд жил ирэх тусам буурсан,

-Инфляци өсч, үнийн түвшин 14,9 хувиар нэмэгдсэн,

-2013 оны байдлаар ДНБ-д эзлэх улсын төсвийн алдагдал 10 хувь болж өссөн /Дэлхийн банкны дөрөвдүгээр сарын тайлан мэдээгээр/

-Монголын гадаад худалдааны эргэлт алдагдалтай хэвээр, дээрээс нь дотогшлох хөрөнгийн урсгал ихээхэн багассан,

-Улсын валютын нөөц буурч, үндэсний валютын ханш 30 хувиар суларсан,

-Энэ оны зургадугаар сарын байдлаар улсын өр ДНБ-ий 67 хувьд хүрсэн /ОУВС-гийн мэдээгээр/,

-Банкны салбар дахь найдваргүй болон хугацаа сунгасан зээлийн хэмжээ нэг их наяд төгрөгт хүрсэн нь ирээдүйд энэ салбарын толгойны өвчин болх нэг томоохон хүчин зүйл гарч ирлээ.

Энэ бол  ерөнхийн макроэдийн засгийн дүр зураг. Гэтэл эдийн засагт баялаг бүтээдэг, уул уурхайгаас бусад салбаруудын байдлыг харахаар, эдийн засаг хүнд байдалд орж байгааг илтгэх олон шинж тэмдэг байна. Дээрхи эдийн засгийн өсөлтийн тооноос сүүлийн жилүүдэд бий болгосон уул уурхай хэсгийг хасвал, үл хөдлөх хөрөнгө болон бусад салбарыг авч үзэхэд байдал улам хүндрэлтэй болж байгаа, иргэдийн эрэлт, худалдан авах чадвар нь илт буурч байгаа нь ажиглагдаж байна. Тухайлбал,

-Хэдийгээр үнэ огцом өссөн ч бөөний болон жижиглэнгийн худалдааны борлуулалт бараг өсөөгүй, орон нутагт буурч байна,

-2014 оны эхний долоон сарын байдлаар төмөр замын ачаа эргэлт болон зорчигч тээвэрлэлт өнгөрс өн оны мөн үетэй харьцуулахад 12 хувиас долоон хувь болж буурсан,

-Ресторан, цайны газруудын гүйлгээ 14 хувиар буурсан,

-Нийтийн хоолны салбарын уналт 62 хувьд хүрсэн бол зочид буудлуудын орлого 21 хувиар буурчээ.

Салбаруудын өсөлтийн хүнд байдал ажил эрхлэлт болон хөдөлмөрийн хөлсний статистик үзүүлэлтэд ч харагдаж байна:

-2012 онтой харьцуулахад ажилгүй болон ажил хайж байгаа иргэдийн тоо 39 мянгаас 55 мянга болон нэмэгдсэн бөгөөд шинээр бий болсон ажлын байрны тоо хоёр дахин буурчээ,

-Ажилгүйчүүдийн 69 хувь нь ид насны хөдөлмөрлөх чадвартай 15-34 насны залуучууд байна

Тээврийн салбарт үндэсний агаарын тээврийн том компанийн нэг болох Изинис энэ онд дампуурсан бөгөөд ийм байдал үргэлжлэх юм бол бусад компаниуд ч хүнд байдалд орохоор байна. Барилгын салбар хүнд байдалд орлоо, өмнө нь ямар ч бодлого, тооцоогүйгээр 8% хувийн хөнгөлөлтийг үзүүлсэний үр дүнд байрны үнэ өсч, эрэлт хэт их болсны дараа энэхүү хөнгөлөлтийн хугацаа, эх үүсвэр багасгахаар нийт борлуулалт багасч, байрны үнэ буух болсон нь тус салбарын үйл ажиллагааг ихээхэн савалгаанд оруулж, одоо хурдацтай өсч байгаа чанаргүй зээлийн давалгаанд өртөх аюултай болголоо.

Өнөөгийн байдлаар эдийн засгийн өсөлтөд Оюутолгойн экспортолж буй алт, зэсийн хүдэр гол үүрэг гүйцэтгэж байгаа ч энэ нь бараг цорын ганц гэрэл гэгээ болоод байна.Дараах хүснэгтэд Дэлхийн банк ДНБ-ий өсөлтийн байдлыг уул уурхайн салбарыг оруулалгүйгээр үзүүлжээ. Хүснэгтээс харахад уул уурхайн салбарыг хасахад л эдийн засгийн өсөлт /цэнхэр зураас/ хасах үзүүлэлт рүү орохоор харагдаж байна.

Монголын олборлох болон бусад салбарын эдийн засгийн өсөлт /Дэлхийн банк, 2014

Capture

Үүнээс хэлэх гол зүйл гэвэл  “эдийн засгийг солонгоруулах“ гэсэн нэртэй бодлого 2012 оноос нилээд яригдаж байсан ч эдийн засгийг төрөлжүүлэх буюу олон салбарын өсөлтийг түших бодлого одоогоор хувь нэмрээ өгч эхлээгүй, олборлох салбарын өсөлтийг тооцохгүйгээр эдийн засгийн өндөр өсөлт хангалтай түвшинд байж чадахгүй байна. Хөдөө аж ахуйн, бусад салбарын нөөц боломжийг одоогоор дотоод зах зээлд ч, гадаад зах зээлд ч ашиглаж эхлээгүй байна.Тэгэхлээр, эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах, үйлдвэрлэл, төрөлжилтийг жинхэнэ утгаар дэмжих, макроэдийн засгийн тогтвортой байдлыг хангах нь өнөөдөр анхаарлыг татах гол асуудал болж байгаа юм.

Макро эдийн засгийн тогтвортой байдлын талаар жилдээ нэг, хоёр удаа голдуу ярьж байна, ирэх оны улсын төсөв, мөнгөний бодлогыг хэлэлцэх үед л энэхүү сэдэв УИХ анхааралд ордог. Жирийн иргэдийн хувьд макро эдийн засгийн тогтвортой байдал гэдэг нь бүүр ч хол сэдэв, гэхдээ энэ  бол тухай иргэдийн хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдээгүй бол, төгрөгийн ханш  сулраагүй бол, гэр бүлийн чинь орлого огцом буураагүй, хэн нэгэн ажилгүй болох юм уу, найзуудаас хэн нэгэн гэнэт халагдаагүй бол шүү дээ. Гэтэл одоо байдал жирийн иргэдийн амьдралд ихээхэн сөргөөр нөлөөлж эхэллээ.

ДНБ-ий өсөлт нь дангаараа макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангагч биш. Үүнтэй цогцоор байх естой голлох бусад макроэдийн засгийн үзүүлэлтүүд нь ихээхэн муудаж байгаа нь нийт эдийн засгийн байдлыг дордуулахад их нөлөөж байна. Үүнд төсвийн их хэмжээний алдагдал, асар их хэмжээгээр нэмэгдсэн улсын гадаад болон дотоод өр, үнийн өсөлт, түүнтэй холбоотой амьжиргааны түвшингийн бууралт, ажилгүйчүүдийн тоон өсөлт байгаа цагт Монгол улс макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж чадахгүй.

Төрийн хөрөнгө оруулалтаар эдийн засгийн өсөлтийг дэмжих, зөвхөн өндөр өсөлтөөр хөгжлийг хангана гэдэг зохимжтой хэлбэр биш, тэр тусмаа манай нийт хөрөнгө оруулалтыг татдаг олборлох салбар зогсонги байдалд орсон, мөн гадаадын хөрөнгө оруулалт ихээхэн буурсан үед. Энэ бол эцсийн эцэст зөвхөн төсвийн алдагдлыг улам нэмэх, өрийг улам нэмэгдүүлэх үр дүнтэй болно. Асуудал нь тэгэхлээр нийт макроэдийн засгийн тогтвортой байдлыг хангахын тулд бусад салбаруудын өсөлтийг дэмжих, эдийн засгийн өсөлтийн олон эх үүсвэрийг бий болгож, олон төрлийн хөрөнгө оруулалтыг дэмжих орчинг бүрэлдүүлэхэд оршиж байгаа. Үүнийг л макроэдийн засгийн тогтвортой байдал гэж ойлгож болно.

Гадаадын хөрөнгө оруулагчдыг татах нь Монголд нэн хэрэгцээтэй, харин эдгээр хөрөнгө оруулагч /зээлдэгч/ нь макро эдийн засгийн тогтвортой байдлыг хэрхэн удирдаж байгааг анхааралтай судалдаг. Аливаа дотоодын хөрөнгө оруулалтын асуудал тухай зах зээл дээр эрэлт байна уу, байдал нь тогтвортой байна уу, хүмүүсийн худалдан авах чадвар нь байна уу гэдгээс мөн эхэлдэг. Иймээс уул уурхайгаас бусад салбаруудын өсөлтийг хангах, хөрөнгө оруулалтыг татах гол нөхцөл бол макроэдийн засгийн тогтвортой байдлыг хангах нөхцөл юм.

Макроэдийн засгийн тогтворжилтийн хэд хэдэн үзүүлэлтээр хэмждэг. Тухайлбал, Европын холбооны Маастрихтийн хэлэлцээрт тусгаснаар макроэдийн засгийн тогтвортой байдлыг дараах дөрвөн хүчин  зүйлээр үздэг.

Нэгдүгээр хүчин зүйл. Инфляцийг бага хэмжээнд, тогтвортой байлгах 

Инфляцийг хазаарлаж, үндэсний валютыг дэмжих нь эдийн засгийн өсөлтийг дэмжих, ажлын байрыг шинээр бий болгох үндсэн зорилгын нэг. Үнийн тогтвортой байдал /инфляцийг хянах/, мөн үндэсний валютын тогтвортой байдал нь Монголын Төв банкны үндсэн үүргийн нэг юм. Иргэдийн орлогын өсөлт нь үнийн өсөлтийг гүйцэж чадахаа болиход компаниуд болон айл өрхүүд багасч байгаа бодит орлогодоо тааруулан бараа бүтээгдэхүүнийг худалдан авалтаа танаж эхлэнэ. Ингэснээр нийтдээ хөрөнгө оруулах, хөгжих боломжүүд хумигдаж, импортын орцыг ашигласан манай үйлдвэрлэл хүнд байдалд орж, дэлгүүр хоршооны борлуулалт багасч, айл өрхүүд ядуурч, компаниуд хөрөнгө оруулж чадахаа больж, учир нь дотоодын зах зээл инфляцийн өсөлтийн хэмжээгээр агшиж худалдан авах чадвар нь унаж байна гэсэн үг. Инфляцаас болж үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг унана, тэр бол манайд импортын үнийг улам нэмэгдүүлэх хүчтэй шалтгаана болно.Өнөөдрийн байдлаар Монголын инфляц 14,9 хувьд хүрээд байгаа нь нэг жилийн дотор Монголын компани, аж ахуйн нэгж, айл өрхийн бодит худалдан авах чадвар 1/7-ээр буурсан гэсэн үг, тэгэхлээр цаашид зах зээл улам хумигдаж байгаагийн илрэл. Гэтэл Европын Холбоо инфляцийн зохистой түвшинг Маастрихтийн гэрээгээр гишүүн орнуудын хувьд гурван хувь гэдэг. Тиймээс манай улсын хувьд инфляцийг бууруулах нь эдийн засгийн бодлогын төвд байх естой.

Хоёрдугаар хүчин зүйл. ДНБ-тэй харьцууласан улсын өрийн хэмжээ бага байх

Улсын өрийн хэмжээ бага түвшинд байснаар татварын орлогыг дотоод, гадаадын зээлдэгч нарт өр төлөх биш, харин дотоодын шаардлагатай хэрэгцээ, хөрөнгө оруулалтад зарцуулах боломжийг Засгийн газарт олгоно. 2003-2012 онд Монголын Засгийн газрын өр бага хэмжээнд байсан бөгөөд улсын хөрөнгө оруулалт энэ хугацаанд бараг 100 дахин өссөн гэсэн тооцоо байдаг.

Гэтэл ДНБ нь 10 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа Монголын Засгийн газрын 2012 оноос хойш тавьсан гадаад өрийн хэмжээ 2,4 тэрбум ам.долларт хүрээд байна. Энэ өрийг дарах үүрэг дараа дараагийн Засгийн газрын нуруун дээр байх болно. Одоогийн нөхцөлд энэ өрийг аль болох ашиг гаргах, улмаар ДНБ-ийг нэмэгдүүлэх зүйлд зарцуулах, тухайлбал, ажлын байр шинээр бий болгох, татварын бааз суурийг өргөтгөхөд зарцуулах нь туйлын чухал байна. Их өрийг төсвөөс төлөх естой бөгөөд 2017 оноос үндсэн өрөө төлж эхлэх үед эдийн засгийн байдал хүндрэх, дараагийн Засгийн газруудын хөрөнгө оруулах боломж нь эрс хумигдах аюултай, учир нь төсвийн орлогын нилээд хувийг өр болон түүнийг хүүг төлөхөд зарцуулахаас өөр аргагүй болно. Одоогийн байдлаар үүссэн өрийн хэмжээ Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтын нийт 4 жилийн дүнтэй тэнцэж байна. Өөрөөр хэлбэл, дараагийн Засгийн газар ямар ч хөрөнгө оруулалт хийхгүй, зөвхөн өрийг дарахад л хангалттай мөнгөтэй байна гэсэн үг. 2016 оноос хойш сургууль, соелыг хөгжүүлэх, төсвөөс хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, дэд бүтцийг сайжруулах үндсэн ажлууд эх үүсвэргүй болж байна гэсэн үг. Сүүлийн хоёр жилд Засгийн газрын нэмэлт зээлийн зардал мэдэгдэхүйц өслөө. Өрийн оновчтой удирдлагын стратеги, улсын хөрөнгө оруулалтын бодлого одоо нэн чухал байна. Их өрийн хэмжээ хувийн хэвшилд ч бас сөрөг нөлөө үзүүлж эхлэж байна. Монголын өр нэмэгдсээр байх аваас хөрөнгө оруулагчид болон банкууд Монголын эрсдлийг өндөр хэмээн үнэлж, өндөр хүүтэйгээр зээл олгох болно, гэхдээ ийм зээлдэгч ер нь олдвол шүү дээ. Тэгэхлээр их өрийн цаад утга нь зөвхөн улсын хөрөнгө оруулалт хумигдахаар төдийгүй, хувийн хэвшлийн компаниуд мөнгө босгох, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд саад болно гэсэн үг. Олон улсын байгууллагууд хөгжиж буй орны өрийн хэмжээ ДНБ-ийн 40-60 хувиас хэтрэхгүй байхыг анхаарулдаг гэтэл манайд өрийн үзүүлэлт 71.7% болсон гэж мэдээ гарсан байгаа.

Гуравдугаар хүчин зүйл. Төсвийн алдагдлыг бууруулах

Төсвийн алдагдлыг бууруулснаар улсын өрийн хэмжээг нэмэгдүүлэхгүй байх боломжтой болдог. Маастрихтийн шалгуур үзүүлэлтээр төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хувийг гурав гэж үзсэн байдаг. Дэлхийн банкны мэдээгээр 2013 онд Монгол улсын төсвийн алдагдал ДНБ-ий 10 хувьтай тэнцжээ. Монголын ДНБ-д эзлэх төсвийн алдагдал өндөр байна. Дээр өрийг төсвөөс төлдөг гэсэн бол одоо манай улсын төсөв өрийг дарах хэмжээний илүүдэлтэй байх битгийн хэл, өөрөө алдагдалтай явж байна. Энэ хэвээр үргэлжилсээр байх аваас эцсийн дүндээ Монголын эдийн засаг бүрэн уналтад орох бөгөөд ингэснээр улс өрөө төлж дийлэхгүй болж, хэн ч манайд боломжийн нөхцөлөөр зээл өгөхөө болино. Ийм байдалд хүрэхгүйн тулд татварын орлогын зарцуулалтыг маш сайн төлөвлөж, төрийн зардлыг хянах шаардлагатай. Улсын хөгжил цэцэглэлтэд амин чухал үүрэгтэй хувийн хэвшлийг идэвхжүүлснээр л татварын орлого нэмэгдэх болно.

Урьдчилан сэргийлж чадалгүйгээр эдийн засаг бурэн унах дээрээ тулвал “Гарц стратеги” хэрэгтэй болох бөгөөд энэ нь ихээхэн хэмжээний зардлын хэмнэлтийг шаардана – үүнээс болж бодит цалин буурч, нийт ард иргэдийн амьжиргаа доройтож байна. Энэ нь эцэст нь бодлого боловсруулж, төсвийн шийдвэр гаргаж байгаа эрх бүхий улстөрч, түшмэдүүдийн буруу шийдвэрийн золиос болно гэсэн үг. Грек зэрэг орнууд ийм уналтад орж байсан, гэхдээ Грек бол Европын холбооны гишүүн орон байсан учраас ЕХ, Герман түүнийг аварсан. Харин Монгол бол Европын холбооны гишүүн биш, хэн нэгэн бидний өрийг нь төлж, алдагдлыг нь бууруулна гэж хүлээлтгүй. Иймээс зөвхөн зөв бодлого нь биднийг аварна.

Дөрөвдүгээр хүчин зүйл. Мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдал

Мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдал, хөрвөх чадвар нь импортлогч, экспортлогчдод урт хугацааны өсөлтийн стратегийг боловсруулах, хөрөнгө оруулагчдад валютын ханшийн өсөлтөөс үүдэх эрсдлийг бууруулах боломж олгодог. Мөн гадаад валютаар авсан өрийн дарамт өсөх аюулыг багасгаж байдаг. Үндэсний мөнгөн тэмдэг үнэгүйдэх нь гадаад валютаар зээл аван төсөл хөтөлбөрөө санхүүжүүлж байгаа компаниуд болон Засгийн газарт нэн аюултай, учир нь валютын зээлийг эргэж төлөх төгрөгийн дарамт нь асар нэмэгддэг. Маастрихтийн шалгуур үзүүлэлтээр үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийн хэлбэлзлийг 2,5 хувь байх нь хэвийн гэж үздэг. Энэ он гарсаар монгол төгрөгийн ханш 30 хувиар унаж, аль хэдийнэ инфляцид нэрвэгдчихээд байгаа эдийн засгийн төлөв байдлыг улам муутгаж байна. Дизель түлш, шатахуун, автомашин, түүний сэлбэг, аж үйлдвэрийн чухал түүхий эд материал, өргөн хэрэглээний гол бүтээгдэхүүн, тухайлбал, электрон бараа, хувцас, хүнсний бүтээгдэхүүнийг Монгол улс импортлон авч байна. Дээрээс нь дотоодын үйлдвэрлэл ч гадаадын түүхий эд, технологид суурилж байгаа нь Монголын үйлдвэрлэлийг өндөр зардалтай болгож, манай экспортын өрсөлдөх чадварыг эрс бууруулж байна. Иймээс ханшны 30% уналт манай эдийн засгийг цөхрөөж байгаа тул мөнгөний бодлогыг сул задгай, төгрөгийн хэвлэх бус, мөнгөний зохих бодлогыг явуулах бодит шаардлагатай байна.

ҮСХ-ийн байр суурь

Олборлох салбараас бусад салбарын өрсөлдөх чадварыг дэмжихийн тулд хэрэгжүүлж байгаа бодлого нь үр ашиггүй бөгөөд энэ чигээр цаашид ийм байдлаар бус, илүү үр өгөөжтэй, оновчтой, гол салбаруудад чиглэсэн байж, олон салбартай тогтвортой эдийн засгийн өсөлт хангагдана.

Макро эдийн засгийн тогтвортой байдлын асуудал нь ихээхэн анхаарал татаж, ирэх жилийн төсөв, мөнгөний бодлогыг хэлэлцэх гэж байгаа өнөө үед парламентын зүгээс нэн түргэн хариу арга хэмжээ авах шаардлагатай байгааг зохиогч цохон тэмдэглэж байна. Монголын төр засаг эдгээр асуудалд даруй хариу арга хэмжээ авах ёстойг Монголын иргэд, бизнесийн байгууллагууд бүгд ойлгож байгаа байх.

Дараагийн дөрөвдүгээр цуврал нийтлэлдээ бид дүн шинжилгээгээ үргэлжлүүлж, нөхцөл байдлыг засахын тулд юу хийж болох талаар хөндөх болно.

Ч. Хашчулуун, ХХДҮЗ-ийн захирал, ҮСХ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн

Камерон МакРэй, ҮСХ-ийн Ерөнхийлөгч

2 Responses

  1. Enkhtsetseg

    Ajilguichuud ih bn geh yum. Yag unendee turiin alban baiguullaguudad ajliin bair baigaa bolovch turuus ajliin bairnii oron too batlaj nemegduulehgu bn. Bi emnelegiin baiguullagat ajilladag manai emnelegt, suvilagch, nariin mergejliin tusgai beltgegdsen injner tehnikin ajilchid ajillah huseltei ch oron too batlagdaaguin ulmaas ajild orj chadahgu bn. Ene yu gesen ug yum be tged

  2. Enkhchimeg

    Сонирхолтой судалгаа толилуулсанд баярлалаа. Би их амтархан уншлаа. Би еерее Дач Евчин узэгдлийг Монголын эдийн засгийн усрэнгуй хегжиж байгаа экспортын салбар болон бусад салбаруудад эдийн засгийн неецийн хуваарьлалтын хувьд хэрхэн нелеелж буйгаар кейсийн судалгааг Америкт Магистрын ажлаараа хийсэн.
    Эндээс Монголын ер телбер, Чингис хаан бонд, Самурай бондуудын талаар нарийвчилсан судалгаа хийвэл маш сонирхолтой байх болов уу. Учир нь энэ асуудал нь Монгол иргэн бурийн ирээдуйд, улсын хегжилд шууд нелеелех тул мэдэж байх естой, иргэн бур энэ мэдээлэлд нэвтрэх эрхтэй, боломжоор ч хангагдах естой болов уу.
    Баярлалаа.

Leave a Reply