Үндэсний Стратегийн Хүрээлэн

Institute for National Strategy

Монгол улс хөрөнгө оруулагчдын итгэлийг алдчихсан

Үндэсний стратегийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал, эдийн засагч, судлаач Б.Мөнхсоёлтой хийсэн ярилцлагыг та бүхэнд хүргэе!

-Хувийн хэвшлийг дэмжих үндэсний зөвлөл гэж байгуулагдаад, бизнес эрхлэгчид нэгдэж, нийлж ажиллаж эхэлж байх шиг байна. Та эдийн засагч хүний хувьд энэ зөвлөлийн үйл ажиллагааны ач холбогдол, үр дүнг хэрхэн харж байна вэ?

-Хувийн хэвшлийг дэмжих үндэсний зөвлөл 2013 оны дөрөвдүгээр сард байгуулагдсан юм билээ. Байгуулагдсанаасаа хойш бизнесийн орчин, эдийн засагт тулгамдаж байгаа голлох асуудлуудаар бизнесийн секторт ажиллаж байгаа удирдах ажилтнуудын дунд хэлэлцүүлэг өрнүүлэх, бодол санаагаа хуваалцах, улмаар бодолгод нөлөөлөхийг оролдож байгаа. Жишээлбэл, “Гурамсан холбоо” гээд бизнесийн тодорхой асуудлаар телевизийн хэлэлцүүлэг хийж байсан. Мөн хэд хэдэн хуулин дээр бодол санаагаа оруулаад, өөрсдийнхөө зөвлөмжийг хүргүүлж байсан юм билээ. Улмаар энэ оны хавраас дэргэдээ тоо баримт, судалаа, статистикт үндэслэсэн судалгаа, шинжилгээний ажил хийх, стратеги боловсруулах, хөгжлийн бодлого тодорхойлоход санал бодлоо оруулах, олон нийтийн дунд өндөр хэмжээний хэлэлцүүлэг, ярилцлагуудыг өрнүүлэх зорилгоор ТББ-ыг байгуулж ажиллаж байгаа. Үүний нэр нь Үндэсний стратегийн хүрээлэн. Гол зорилго нь бизнесийн орчинг сайжруулах, эдийн засгийн хөгжилд илүү хурдацтай, эерэг нөлөөг үзүүлэх зорилгоор бодол санаагаа уралдуулж ажиллах зорилготой юм.

-Монголын бизнесийн орчин яг ямархуу байна вэ. Ихэнх бизнес эрхлэгчид бизнесийн орчин хүндрэлтэй байна гэдэг?  

-Бид есдүгээр сарын 1-нд эхний нийтлэлээ гаргасан. Манай байгууллага сардаа хоёр удаа нийтлэл гаргах зорилготой юм. Тухайн асуудлаар дотоодын болон гадаадын хоёр хүн хамтарч бичдэг. Эхний нийтлэл маань хэвлэгдсэн. Тэр нийтлэл дээр бид энэ асуудлыг хөндсөн байгаа. Бизнесийн орчныг өнөөдөр яагаад хангалтгүй гэж үзэж байгаа вэ гэхээр үнэхээр бизнес эрхлэгчид асуудал тулгарч байгааг хэлж байна. Урт буюу дунд хугацааны цаг алдалгүйгээр ойрын үедээ шийдчих боломжтой асуудал ч шийдэгдэхгүйгээр удаж, цаг хугацаа алдаж байгааг хэлж байгаа. Нөгөө талаас олон улсын төвшинд ч гэсэн янз бүрийн судалгаа, шинжилгээний тайлан, үр дүнг харахад Монгол Улс цөөнгүй үзүүлэлтээрээ хойгуур байр эзэлж байна. Хамгийн сүүлд Дэлхийн эдийн засгийн форумын 144 улсыг харьцуулсан рейтинг гарсан байгаа. Үүнд Монгол Улс 98 дугаар байранд орсон. Түүн дотроо нэлээд олон үзүүлэлтээр 120-оос хойгуур байрт орж байгаа. Тэр утгаараа Монголд шийдвэрлэх ёстой асуудал цөөн биш байна. Бизнесийн салбар ажлын байр бий болгодог. Улмаар ажлын байраар дамжуулж иргэдийн өрхийн орлогыг бүрдүүлэх гол эх үүсвэр болдог. Тэр утгаараа бизнесийн орчин сайнгүй, эдийн засаг хүндрэлтэй байна гэдгийг зөвхөн компанийн эзэд биш жирийн иргэд ч гэсэн мэдэрч байгаа. Бизнес ийнхүү хүндрэлтэй байгаа нь олон улсын зах зээл, эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарч байгаа боловч нөгөө талаас манай бодлого боловсруулагчдаас шалтгаалах асуудал олон байна. Тийм учраас шийдэх боломж ч бас байгаа юм.

-Тухайлбал, яг ямар асуудлыг хэрхэн шийдвэрлэх боломж байна вэ?

-Өмнө нь Монгол Улсын хамгийн гол төвлөрдөг байсан салбар маань хөдөө аж ахуй байсан. Харин уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалт маш ихээр орж ирээд, тухайн салбар хөгжиж эхэлснээр Монгол Улсын эдийн засаг хурдтай хөгжих боломж нээгдсэн. Уул уурхайн салбар хөгжиж, эдийн засаг тэлж, ажлын байр нэмэгдсэн. Тэр утгаараа одоо уул уурхайн салбар Монголын эдийн засагт ихээхэн хэмжээний нөлөөтэй болчихсон. Гэтэл энэ салбарын маань хөгжил өмнөх үеэсээ зогсонги байдалд орчихлоо. Нэг талдаа олон улсын зах зээл дээр алт, зэсийн үнэ буурах гэх зэрэг шалтгаанаас болсон хэдий ч нөгөө талдаа манай Монголд хууль эрх зүйн асуудал олон байгаа. Олон янзын хууль эрх зүйн орчин гэнэт бий болсноос болж өнөөдрийн хүндрэл үүссэнийг хүн бүхэн мэдэж байгаа шүү дээ.

-Бизнесийнхэн ингээд “Төр дэмжихгүй байна” гэж гомдоллохоор үүний нөгөө талд “Төр яагаад заавал бизнесийг дэмжих ёстой гэж” гэх шүүмжлэл байдаг. Бизнес бол өөрсдөө эрсдлээ хүлээгээд, үйл ажиллагаагаа явуулдаг. Гэтэл төр дэмжих шаардлага байна уу, үгүй юу гэх асуудал бий?

-Төр дэмжээд өгөөч гэхээр ямар нэгэн мөнгө төгрөг өгөх, эсвэл байшин сав бариад өгөөч гэсэн үг биш. Ямар нэгэн байдлаар биет, бодит зүйлийг шаардаагүй. Магадгүй биет, бодит зүйл гэвэл дэд бүтэц л байна. Дэд бүтэц хөгжсөнөөр тухайн компанийн өртгийг бууруулна. Зам, харилцаа сайтай, тээвэр хийх нөхцөл сайжирвал тээврийн зардал буурч, бүтээгдэхүүнээ гадагшаа гаргах боломж нь илүү нэмэгдэнэ. Эргээд орлого ашиг ч нэмэгдэнэ. Яг үүнд төрийн оролцоо хэрэгтэй. Дэд бүтцийг төр л хөрөнгө оруулж, шийднэ шүү дээ. Тэгвэл үүний нөгөө талд “Төр битгий оролцооч, гагцхүү таатай бизнесийн орчин л үүсгэчих” гэж хэлж байгаа хүмүүс бий. Төрөөс баталсан хуулиуд, тухайлбал Стратегийн ач холбогдолтой салбарт хөрөнгө оруулалтыг зохицуулах хууль гэх зэргээр дурьдаж болно. Эдгээр хуулиуд нь бизнесийг дэмжих гэхээсээ илүү тухайн салбарт нь таатай бус орчинг бүрдүүлээд, эсвэл цэвэр, шударга өрсөлдөөн явуулах боломжийг хязгаарлачихдаг. Тийм учраас “Төр зүгээр л таатай орчинг бий болгоод л орхичих” гэж байгаа юм. Гуравдугаарт, төрийн өмчит аж ахуйн нэгж, компаниуд бий. Дэд бүтэц, эрчим хүч, төмөр замын салбаруудад ажиллаж байна. Түүнчлэн уул уурхайн зарим нэг салбарт стратегийн ач холбогдолтой гэдэг утгаар нь төр хувь эзэмшиж байна. Энэ огт болохгүй зүйл бас биш. Яг манай Монгол Улсын хувьд магадгүй төрийн оролцоотой юу, үгүй юу гэдэг нь тийм ч чухал биш гэж боддог. Гагцхүү аливаа зүйлд эзэн нь болж, шударга, хариуцлагатай, сэтгэлтэй хандах тэр хандлага л Монгол Улсад дутагдаад байна. Аливаа шийдвэрүүд хэт улстөржилттэй гарч байна. Тодорхой бодлого, судалгаанд үндэслэхээсээ илүү хувийн, эсвэл намын эрх ашгийг түрүүлж харж байгаа учраас тийм шийдвэрүүд санаатай болон санаандгүй байдлаар гарч байна.

-Төрийн оролцоотой компаниуд ихэвчлэн л алдагдалтай ажилладаг. Эдгээр компаниудыг хувьчилж, төрийн оролцоог бууруулах ёстой гэдгийг эдийн засагчид хэлдэг. Таны бодлоор?

-Ер нь бол тэр хүн ганцаараа биш, Монгол Улс даяараа хожвол бүгд л таатай, сайхан амьдрах гээд байна шүү дээ. Тэр утгаараа жижигхэн, өчүүхэн амбиц, ашиг сонирхлоосоо илүү улс эх орноо бодчих л хэрэгтэй юм. Гэтэл төрийн оролцоо гэдгийг ашиглаад хувьдаа, намдаа ашиг орлого хийх гэсэн сонирхол давамгайлсан учраас манайд байгаа төрийн өмчит компаниуд ихэнхтэй алдагдалтай, татаас авч ажилладаг. Тийм ч учраас хүмүүс шүүмжилж, хувьчил гэж байгаа. Гэтэл яг хувьчилъя гэхээр төрийн өмчийн компаниуд бүгд алдагдалтай. Тэгсэн хэр нь яг компанийн захирлууд нь хувьдаа маш хангалуун амьдрах жишээний. Энэ асуудлууд л олон нийтийг эргэлзээ, төөрөгдөлд хүргээд, хардах сэтгэлийг төрүүлж байгаа юм. Тэгэхээр төрийн оролцоо байна уу, үгүй юу гэдэг нь чухал биш. Монголчууд бүгдээрээ аливаа зүйлд сэтгэлээрээ ханддаг, хариуцлагатай, ил тод, нээлттэй, тайлагнадаг, хариуцлага хүлээдэг байх л хэрэгтэй. Жишээ нь бондын мөнгө өнөөдөр яг юунд, хэрхэн зарцуулагдав. 888 төслийг дэмжинэ л гээд байсан, тэгээд таг чиг болсон. Магадгүй яг одоо энэ төслүүд юу болов гээд сураглавал мэдээлэл байхгүй байх жишээний.

-Төрийн оролцоо хэр их байна вэ?

-Тоогоор хэлбэл, төрийн оролцоо мэдээж багагүй төвшинд байна. Олон улсын байгууллагуудын гаргадаг судалгаа, тоон үзүүлэлтүүд, төрийн өмчит компанийн ДНБ-д эзлэх хувь хэмжээ гэх зэрэг олон тоо бий. Яг энэ тоонуудаар илэрхийлбэл, төрийн оролцоо их л байгаа.

-Шинэчлэлийн Засгийн газар бизнесийнхэнтэй хамтран ажиллаж, санаа бодлыг нь сонсож, бодлого шийдвэртээ тусгана гэж байгаа. Энэ хүрээнд “ЭЗЭН-100” хөтөлбөрт бодлогын зөвлөмж өгөх бизнесийн зөвлөлийг дэргэдээ байгуулж ажилласан шүү дээ. Энэ мэт үйл ажиллагааны үр дүнг та хэрхэн харж байна вэ?

-Хүмүүс иргэд, санаа, оноогоо хэлж байна. Түүнийг бодлогодоо хэр тусгах вэ гэдэг л чухал. Өч төчнөөн зүйл ярилаа, хэллээ, тэрийг нь бодлогодоо тусгахгүй л бол хий цаг үрсэн зүйл л болно. Мэдээж, “ЭЗЭН-100” зөвлөл байгуулсан санаа нь зөв. Харин хэрэгжилт дээр үнэхээр бодитой байна уу, үгүй юу. Тэр хүмүүс сэтгэлээ гаргаад хэлж байгаа үгийг нь тусгаж чадаж байна уу, үгүй юу. Бас тэр сонсож байгаа хүмүүсийнхээ багийг зөв бүрдүүлж чадсан уу, үгүй юу гэдэг чинь өөрөө асуултын тэмдэг юм.

-“ЭЗЭН-100” хөтөлбөрийн үр дүнг яг энэ өдрүүдэд улстөрчид, эдийн засагчид хэлэлцэж байна. Таны бодлоор энэ хөтөлбөр үр дүнгээ өгсөн үү?

-Яг шууд хэлэхэд хэцүү. Анх хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх үеийн нөхцөлөө одоогийн нөхцөлтэй харьцуулбал, хангалтгүй. Гэтэл эргээд оролцсон хүмүүс, зарцуулсан цаг зав, хэлэлцсэн асуудлыг нь харахаар тодорхой хувь нэмэр оруулсан л гэж харагдаж байгаа юм. Гэхдээ хөтөлбөр хэрэгжихээс өмнөх нөхцөл байдал, одоогийн нөхцөл байдал хоёр ганцхан тэр хөтөлбөрөөс хамаарна гэж байхгүй. Олон хүчин зүйлсээс хамаарч байгаа. Мэдээж шийдвэр гаргагчдад том боломж байна. Тэрийгээ хэр ашиглаж байна вэ гэх асуудал бий. Үүнийг олон талаас нь нухацтай бодож байж л хариулт өгнө. Ямартай ч хангалттай гэж хэлж чадахгүй.

-Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, долларын ханш чангарч, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ уналаа. Энэ бүх хүндрэлээс гарах гарц юу байна вэ?

-Монголбанк бодлогын хүүгээ бага ч болов чангаллаа. Ерөнхий сайд Н.Алтанхуяг кабинетдаа сэлгээ хийнэ гэх зэрэг олон зүйл яригдаж байна. Манай гол орлогыг авчирч байгаа Оюутолгойн асуудлыг шуурхай шийдвэрлэнэ, эерэг үр дүн авчрахын төлөө шийдвэрийг хурдан гаргахын төлөө ажиллана гэх зэрэг олон амлалтууд байгаа. Хэрэвзээ энэ бүгд хэрэгжвэл нааштай үр дүн гарна. Гэхдээ бизнесийнхэн, эдийн засагчдын хэлж байгаагаар нэгэнтээ гарчихсан, эсвэл хүлээлтийн байдалд шилжчихсэн хөрөнгө оруулагчид нэг шөнийн дотор эргээд ирчихнэ гэж байхгүй. Үнэхээр итгэж болох уу, үгүй юу гэдгийг дахиад л бодно. Итгэлийг төрүүлнэ гэдэг их хэцүү ажил. Зүгээр нэг ярилаа гээд хүн итгэлтэй болохгүй. Тэгэхээр процессыг харах байх. Зах зээлийн байдал, хэрэгжүүлж байгаа бодлогыг ажиглаж байгаад л хөрөнгө оруулагчид шийдвэрээ гаргах байх.

-Монгол Улс гадны хөрөнгө оруулагчдын итгэлийг бүрэн алдчихсан уу, эсвэл хөрөнгө оруулагчид зүгээр хүлээлтийн байдалд шилжчихээд байна уу?

-Алдчихсан. Бүгд л тэгж ярьж байна шүү дээ. Магадгүй зарим нь хүлээлтийн байдалд шилжсэн байх. Ажиглалтаа дуусгаад шийдвэрээ гаргах биз.

-Эдийн засгийн хүндрэлийн үед хувийн хэвшлүүд ажилтнуудаа цомхтгоод эхэлсэн гэх мэдээлэл байгаа?

-Тийм. Иргэд ч бас хэлж байгаа. “Зээл авчихсан байдаг, яаж амьдарна аа” гээд л. Эдийн засгийн чуулган дээр Ерөнхийлөгч “Монголын эдийн засаг үсрэлтийнхээ үед ирлээ” гээд л хэлж байсан. Тэгээд ашиг орлоготой байсан компаниуд ажилчдаа дэмжээд, нийгмийн шинжтэй бодлогууд хэрэгжүүлээд эхэлчихсэн. Зээл авахад нь дэмжих, моргейжийн хөтөлбөрт хамруулах гэх мэтчилэн. Гэтэл тэр хүмүүс гэнэт ажлаасаа халагдчихаар мэдээж хэцүү шүү дээ. Зах зээлийн эрсдэлтэй амьдралаас суралцаж л байгаа байх.

-Яг хэчнээн ажлын байрны цомхтгол гарчихав. Та бүхэн судалгаа хийсэн үү?

-Тухайн компаниасаа хамаараад өөр өөр байгаа. Бид нийтлэлээ бичих гээд хувийн хэвшлийн томоохон компаниудаас судалгаа авсан. Ажилчдын тоо өнгөрсөн онд ямар байв, одоо ямар байна гээд асуухад бидэнд тодорхой хариу хэлээгүй. Гэхдээ олон компани их, бага хэмжээгээр цомхтгол хийсэн. Жижгэвтэр аж ахуйн нэгжүүд бол ихэнх нь үүдээ барьсан байдалтай л байна шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа.     

Л.Энхдэлгэр

Эх сурвалж: http://economics.eagle.mn/content/read/22634.htm

Leave a Reply