Нийслэлийг ногоон хот болгох төлөвлөгөө боловсруулж байна

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн хотуудыг ногоон эдийн засагт шилжүүлэх “Ногоон хотуудын хөтөлбөр”-т Улаанбаатар хот нэгдээд байгаа билээ.

Хөтөлбөрийн хүрээнд Европын Сэргээн босголт, хөгжлийн банкнаас санхүүжүүлэн хэрэгжүүлж буй “Ногоон хотын үйл ажиллагааны төлөвлөгөө” боловсруулах түншүүдийн зөвлөлдөх уулзалт өнөөдөр “Нээлтэй нийгэм форум”-ын байранд боллоо. Уулзалтаар Улаанбаатар хот ногоон хот болгоход ямар асуудлыг нэн тэргүүнд шийдэхийг шинжээч, мэргэжилтнүүдийн оролцоотой тодорхойлж байна.

Энэ талаар “Ногоон хотын хөгжлийн төлөвлөгөө” төслийн Монгол дахь удирдагч Б.Мөнхсоёлоос тодруулахад, “Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш бид “Ногоон хот”-ын чиглэлээр Улаанбаатар хот юуг баримтлах гэдгээр эрчим хүч, барилга, үйлдвэр, ус, хог хаягдал, нийтийн тээвэр, газар ашиглалт гэсэн долоон үндсэн салбар чиглэлээр ногоон хөгжлийн хүрээнд өмнө нь гарсан бодлогын баримт бичгүүдийг судалж эрэмблэн, үндэсний болон Улаанбаатар хотын түвшин дэх үзүүлэлтүүдийг гарган хийж байна. Ер нь манайд ногоон хөгжлийн чиглэлээр 60 гаруй бодлогын баримт бичиг байна. Эндээс бид “Ногоон хотын хөгжлийн төлөвлөгөө”-ний хүрээнд гол чиглэлийг гаргаж ирэх юм.

Европын Сэргээн босголт, хөгжлийн банк “Ногоон хотуудын хөтөлбөр”-ийн хүрээнд ногоон санхүүжилтийн хэмжээгээ 2020 онд гэхэд өөрийн банкны жилийн нийт хөрөнгө оруулалтын 40 хувьд хүргэхийг зорьж байна. Манай улсын нийслэл Азиас  “Ногоон хотууд” хөтөлбөрт нэгдсэн анхны хот болоод байгаа юм.

Мөн гурван түвшинд өнөөгийн нөхцөл байдлын өгөгдөл болох дата мэдээллүүд, секторын буюу салбарын асуудлуудтай холбоотой гол индикатор үзүүлэлтүүдийн мэдээллийг цуглуулж байна. Ингэснээр өнөөдрийн манай нийслэлд тулгамдаж буй асуудлыг тодорхой болгож гаргаж ирнэ. Энэ талын үзүүлэлтүүд дээр тулгуурлаж улмаар асуудлыг шийдэх хариу үйлдлүүдийг мөн гаргаж ирэх юм” гэдгийг тэмдэглэж байв.

Зөвлөлдөх уулзалтад “Ногоон хотын үйл ажиллагааны төлөвлөгөө” төслийг хэрэгжүүлж буй Европын Сэргээн босголт, хөгжлийн банк, “RWA” групп, “Аркадас” компаниийн төлөөлөл, БХБЯ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Засаг даргын Тамгын газар зэрэг манай төрийн байгууллага, дотоодын ТББ-уудын шинжээч, судлаач мэргэжилтнүүд оролцож байна.

Европын Сэргээн босголт, хөгжлийн банк “Ногоон хотуудын хөтөлбөр”-ийн хүрээнд, ногоон санхүүжилтийн хэмжээгээ 2020 онд гэхэд өөрийн банкны жилийн нийт хөрөнгө оруулалтын 40 хувьд хүргэхийн зорин ажиллаж байна.

 

Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Эх сурвалж: Монцамэ агентлаг