Би маш их бахархсан

2012 оны Лондонгийн Олимпийн үеэр Түвшинбаяр өвдгөө гэмтээхэд санаа их зовсон ч удаан хугацааны гэмтлээ үл харгалзан алтан медалийн төлөө тэмцэхэд нь маш их бахархал төрж билээ. Тэрээр 2008 онд алтан медаль авсан ч 2012 оны тэр үе надад илүү хоногшиж үлдсэн юм.

Яг тэр л мөчид би Монголд байгаагаараа бахархаж, Монголчууд дэлхийн шилдгүүдтэй эн зэрэгцэж байгааг ойлгосон юм. Энэ явдал амьдрал хичнээн хувирамтгайг надад сануулсан. Тамирчид тэмцээн уралдаан, ялангуяа финалын тоглолтонд алтан медалийн төлөө л орцгоодог.

Хөлдөө хүнд бэртэлтэй байсан ч финалд оросын Тагир Хайбулаевтай учраа тааран Олимпыийн аварга цолоо хамгаалахаар бахархалтай тулалдсан юм. 100кг эрэгтэй хүнд жингийн ангилалд мөнгөн медаль хүртэж үндэсний баатар боллоо.http://ubpost.mongolnews.mn/?p=326

6 жилийн дараа ч Түвшинбаяр спортод хувь нэмрээ оруулсаар. Тэрээр бие бялдрын мөнх бусыг ойлгож бизнесмен болох алхмаа ч хийсэн. Тэр их ухаалаг, түүний нэр төр гэр бүлийнх нь цаашдын аж амьдралын асар том хөшүүрэг гэдгийг ч маш сайн ойлгож байгаа.

Эгэл жирийн гаралтай Түвшинбаяр Монголын Жүдогийн Холбооны нөмөр нөөлөгт өдий хүрсэн. Тэрээр бурхан биш гэдгээ, жудогийн дараах амьдралын хүнд үеүүдтэй тэмцэх хэрэгтэйг ухаарсан юм. Алга ташсан бүрийг хүндэлж, шагнасан, өөрийн мэтээр элгэндээ тэвэрсэн хүн бүрт талархаж яваа.

Би Монгол хүн биш. Гэхдээ би 3 монгол хүүхэдтэй, ирэх 6 сард монгол бүсгүйтэй хуримаа хийх гэж байна. Бид Улаанбаатарт амьдарч Монголд бизнесээ эрхэлдэг. Бид өвөл Улаанбаатараас зугтдаггүй, бусадтайгаа хамт хорт утааг хамтдаа туулцгаадаг.

Би Монгол Улс цэцэглэн хөгжиж буйг харахыг сэтгэлийн гүнээсээ маш их хүсдэг. Гэвч амьдралын түвшин сайжрахад хамгийн гол бэрхшээл нь Монголын далайд гарцгүй байдал биш, эсхүл төр болон хувийн хэвшлийхэнтэй хамтран ажилладаг олон улсын байгууллагуудын нөлөө ч биш гэдгийг ойлгож байна.

Үүний тухай удахгуй дэлгэрүүлж бичих болно.

Бие бялдар, сэтгэн бодох чадвар, зан чанар, итгэл үнэмшил гээд хүн бүр бусдаасаа өөр, онцлог төрдөг гэдгийг бид мэднэ. Ямар ч ялгаатай бай бид, эцэг эх үр хүүхдийнхээ төлөө хамгийн сайн сайхан боломжийг бий болгохыг хүсдэг. Гэр бүл, ажил, нийгэм, улс эх орондоо ээлтэй, сайн хүн болж өсөхийг л бид харахыг хүсдэг.

Жич: энд би төр засаг гэлгүй улс эх орон гэж тэмдэглэж байна. Учир нь ямар ч төр засаг дэлхийн аль ч том байгууллагаас ялгарах зүйлгүй гэж би итгэдэг. Чадалтай төрийн байгууллагатай азтай улс орнууд байхад үндэснээсээ ялзарсан хэд нь ч бий.

Бодрол руугаа эргэн орьё...

Говийн тэртээх адуучин гэр бүлтэй адил л зүйлийг би үр хүүхдүүддээ хүсдэг. Юуны түрүүнд тэднийг эрүүл саруул байж, өндөр боловсрол эзэмшиж олон улсын хэмжээнд сэтгэх чадвартайгаар өсөөсэй гэж хүсдэг билээ. Мэдээж тэдэнд авьяас билэг нь бий бол спортын аварга ч юм уу, соёлын нэрт төлөөлөгч болоход нь хэчнээн их баярлана гээч. Бүрэн дээд боловсрол эзэмшээд дэлхийн хэмжээний байгууллагад өндөр зэрэглэлийн ажил эрхэлж ч болох юм. Эсвэл илүү эрсдэлтэй замналаар өөрсдийн бизнесийг эрхлээд хөгжүүлээд явж ч болох шүү дээ.

Монгол Улс жижиг бизнес эрхлэгчдийн нэгэн үеэс бүрдэж байна. Тийм ч учраас энэхүү бүлэг нь улсын чухалчлах салбар мөн хэмээн хүлээн зөвшөөрөгдөж, сайшаагдах хэрэгтэй байна. Энэ дундаас дэлхийн стандартад нийцсэн том бизнес төрөн гарч ирж болно шүү дээ. Бидний гэр бүлийн хэн нэгэнд ажиллах шинэ ажлын байр бий болох ч боломжтой. Тэдний бизнес ашигтай ажиллаж татвараа төлөх нь чухал. Ингэснээр улсын сургууль, эмнэлгүүдэд хөрөнгө оруулж үйлчилгээгээ сайжруулан дэлхийн түвшинд хүрээсэй гэж бид хүсэж байна.

Хэрэв энэ бүгд Монголд эртхэн биеллээ олвол хэчнээн гайхалтай вэ?!

Боломж бололцоо нь бүрдвэл гадаадад амьдарч ажиллах нь ч алдаж боломгүй сайхан туршлага. Боломж нь мэдээж сайн дүн, дэлхийн хэмжээний байгууллагад ажиллаж байсан туршлагаас ихээхэн хамаардаг. Хүн бүр л ийм зүйлийг хүүхэддээ хүсэх байх.

Энэ хотод амьдарч байгаа хүн бүрийн дургүйцэх хорт утаа намайг ч багагүй сэтгэлээр унагадаг. Гэвч дэлхийн хамгийн бохирдолтой агаарт шалтаг тоочин суух улс төрчдийг харсаар байтал тэвчээр минь барагдаж байна. Миний хувьд энэ нь үхэх сэхэхийн асуудал юм. Миний гэр бүлийн эрүүл мэндэд жилд 6 сар, магад үлдсэн амьдралынх нь турш нөлөөлөх асуудал юм.

Аль ч Монгол хүний адил үр хүүхдүүддээ энгийн, адармаатай зүйлсийг л би хүсдэг. Тэр нь эрүүл орчин, өндөр боловсрол, цаашлаад дэлхийн хэмжээний ажил эрхлэх боломж. Тэдэнд эдгээр зүйлс хангагдсан цагт л би эцгийнхээ үүргийг гүйцэтгэснээ мэдэн амгалан амьдарч амар нүд аних юм.

Гэвч одоо энэ зүйлс үр хүүхдүүдэд минь алга, тэгээд хэзээ энэ энгийн зүйлс бидэнд бий болох вэ гэж би өөрөөсөө асуудаг.

Хэзээ? гэх энэ асуултад хариулахын өмнө хэдэн энгийн асуултыг төрийн түшээд, тэдний нам болон Их Хурлаас асуух хэрэгтэй байна.

Нэгтдүгээрт, засгийн газар үйлчилгээгээ сайжруулахын тулд ХЭЗЭЭ БОЛОН ЯАЖ илүү тогтвортой татварын орчин бий болгох вэ?

Хоёрдугаарт, Монголд дэлхийн хэмжээний томоохон бизнесүүд бий болохыг бид хэзээ харах вэ?

Гуравдугаарт, хэзээ хүүхдүүдэд маань өндөр цалинтай ажлын байр бий болж нэмэгдэх вэ?

Дөрөвдүгээрт, Засгийн газар бизнесийн салбарыг хөгжүүлэх тал дээр хувийн компаниудаас илүү гэж үзэн цаашид бизнесийн салбарт үргэлжлүүлэн оролцсоор байх уу?

Тавдугаарт, Монгол Улс олон улсын зээл тусламж буюу “авралын” багцуудаас хэзээ нэг ангижрах вэ?

Түвшинбаяр бол бидний билэг тэмдэг. Түүнд баяр хүргэе. Монголчууд түүний амжилтад атаархдаггүй байх гэж найдаж байна.

Монголд нэн тэргүүнд Түвшинбаярууд олон салбарт хэрэгтэй байна. Энэ нь бүх Монголчуудад тустай.

Манай эдийн засгийг хөгжүүлж Монгол руу олон улсын хөрөнгө оруулагч татах чадвартай мэргэжилтнүүд буюу үндэсний баатрууд бидэнд хэрэгтэй байна. Манай эдийн засагт тэрбум тэрбум долларыг авчрах төслүүдэд гэрээ хэлэлцээр хийж чадах баатрууд бидэнд хэрэгтэй байна.

Олон улсад сайшаагдахгүй зүйлсийг үгүй хийж, олон нийтэд үйлчилдэг төрийн баатруудыг бид таних хэрэгтэй. Дэлхийн хэмжээний бизнес байгуулж, хөрөнгө оруулалтыг татаж буй бизнесийн баатруудыг бид олж харах хэрэгтэй.

Мөн түүнчлэн эдийн засгийн өсөлтийг сайжруулж, олон монголчуудын амьдралыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулж их ажилласан хүмүүсийг шүүмжилж амь зогоох хуурамч баатруудыг ч нэрлэх хэрэгтэй.

Ерөнхийдөө бидэнд хуурамч баатрууд биш гагцхүү үндэсний баатрууд хэрэгтэй. Монголчууд бид эдийн засгийн өсөлтийг хангаж, амьжиргааны түвшинг дээшлүүлж буй бүх хүмүүсийг таньж мөн урамшуулах хэрэгтэй байна.

Олон улсын жүдо бөхийн дүрмийг санаатайгаар зөрчсөн бол Тувшинбаяр алт, мөнгөн медаль хүртэхгүй байсан гэдгийг сайтар санахтун.

Камерон МакРэй

2018 оны тавдугаар сарын 22