Б.Мөнхсоёл: ЗГ шинэ БОДЛОГО боловсруулах гэж байгаа бол ҮНДЭСЛЭЛЭЭ сайн тайлбарладаг байх хэрэгтэй


Монголын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар Үндэсний Стратегийн Хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхсоёлтой ярилцлаа.


-Өнгөрсөн долоо хоногт хөрөнгө оруулагчид  хоёр өдрийн турш чууллаа. Энэ үеэр хөрөнгө оруулагчид юуг илүүтэй онцлов.  Эдийн засгийн хүнд нөхцөл байдалд хөрөнгө оруулагчид бидэнд итгэх болов уу?

-Манай улсын хувьд гэлтгүй олон улсын зах зээл дээр ч амаргүй байна. Гадаадын хөрөнгө оруулагчдыг татдаг манай гол салбар нь уул уурхай. Гэтэл энэ салбараас гардаг бүтээгдэхүүний үнэ зах зээл дээр уначихсан байгаа учраас гадны хөрөнгө оруулагчид  уул уурхайн салбарт итгэл муутай байна. "Монголд хөрөнгө оруулалт хийх нь" олон улсын чуулга уулзалтад оролцож буй гадаадын хөрөнгө оруулагчид манай улсын өнөөгийн  эдийн нөхцөл байдалд улстөрийн гэнэтийн шийдвэрүүд болоод улс төрийн тогтворгүй байдлууд  сөрөг нөлөөлөл үзүүлж буй болохыг дурдаж байна.  Улстөрийн хоёр том нам бие биеэсээ давж гарах гэж байгаад эцэст нь эсрэгээрээ өөрсдийгөө онхолдуулах  шийдвэр болоод амлалтууд гаргах вий гэдгийг тоглоомын дүрмээр зүйрлэж тайлбарлалаа.  Мөн төр засгийн бодлого шийдлүүд зөв байвал манайд боломж бололцоо бий болохыг  тэд  дурдаж байна.  Түүнчлэн уул уурхайдаа төвлөрөх биш эдийн засгаа солонгоруулах тал дээр анхаарахыг  хөрөнгө оруулагчид  бидэнд санууллаа.


-Өнгөрсөн хугацаанд  Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайд, Ерөнхий сайдын нарын эдийн засгийн бодит байдлыг мэдээлсэн явдлууд багагүй шүүмжлэл дагуулсан. Энэ бүх мэдэгдлүүдээс харахад  өнгөрсөн дөрвөн жил АН хэрхэн ажиллав, улс орны маань эдийн засаг ямар өнгө төрхтэй байна вэ гэдэг  бүрэн зураглал харагдсан гэж хэлж болно. Ер нь ингэж улс орныхоо эдийн засгийн нөхцөл байдлыг  олон нийтэд дэлгэх нь хэр зөв  вэ?

-Энэ асуудал нь маш их эсэргүүцэлтэй тулж байгаа. Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал гэнэт илэрсэн зүйл бол биш.  Энэ бүхийг бий болоход дотоод, гадаадын зах зээлийн нөлөөллөөс гадна  улс төрийн буюу өндөр албан тушаалтангууд авлига, хээл хахуулийг цэцэглүүлэн хөгжүүлсэн зэргээс үүдэн байдал ийм болсон гэж хэлж болно. Шинэ засгийн газар ямар хэцүү зүйлтэй тулж очих вэ гэдгийг сонгуулийн өмнө бүгд л мэдэж байсан.  Үүний эсрэг авч байгаа арга хэмжээ нь амар хялбар аргаар шийдэх гэж байна уу гэдгийг харуулаад байгаа учраас олон нийт нэлээд эсэргүүцэж байгаа. Тиймээс төсвийн алдагдлыг нөхөхийн тулд мөн эдийн засгийн хямралт байдлаас богино хугацаанд гарах шийдлүүдээ нарийн тооцоо судалгаатай авч хэлэлцэхгүй бол эргээд дунд урт хугацаандаа сөрөг үр нөлөө гарч ирэх вий гэдэгт болгоомжлол төрж байна.  Ард түмний төлөө улс орныхоо төлөө ажиллана гэж төрд гарчихаад хажуугаар нь хувийн сектороо хөгжүүлээд байна. Ингэхдээ олон тэрбум төгрөгийн зээл авч байгаа нь  шударга ёс мөн үү. Үүнийгээ ил болгооч ээ. Зөвхөн цөөн хэдэн хүмүүсийг баяжуулахад татвар төлөгчдийн мөнгийг зарцуулж байгаа эсвэл олон улсын зах зээлээс босгосон мөнгийг нийтээрээ хүртээгүй хэрнээ буруу зүйлд зарцуулж  байгаа хүмүүсийн бий болгосон өрийг төлөх гэж байгаа бол иргэд татвар төлөх сонирхолгүй байна.


-УИХ төсвийн тодотголд тусгаад байсан татвар нэмэх асуудлаа эргүүлэн татсан тухай шийдвэрийг  өнгөрсөн долоо хоногт гаргалаа. Гэвч цаашид дахин татвар нэмэхгүй байх баталгаа байхгүй гэдэг хардлага олон нийтийн дунд байсаар л байна.  Ер нь татвар нэмэх асуудал хэр оновчтой шийдвэр вэ?

Зөв гэж хэлэхэд хүнд. Хэрэв жамаараа явсан эдийн засаг хүнд нөхцөлд орсон тохиолдолд бол шатлалт татварууд байх ёстой арга хэрэгсэл бол мөн. Гэхдээ огцом нэмэх нь буруу. Хамгийн гол нь судалгаа, шинжилгээ дээр тулгуурлагдсан байх ёстой. Нийгмийг бүрдүүлж байгаа иргэд, ААН-үүд, бизнес эрхлэж байгаа хүмүүс чадамжын хувьд өөр өөр. Тэгэхээр эргээд төрөөс нийлүүлж байгаа үйлчилгээг санхүүжүүлэхийн тулд төсвийн орлогоо бүрдүүлэх ёстой. Боломжтойгоос нь ахиуг арай л боломжгүйгээс нь багыг авдаг энэ төрлийн шатлалт систем дэлхий дахинд байдаг.  2007 он хүртэл манайх үүнийг хэрэгжүүлж байсан шүү дээ. Санхүүгийн нөөц боломж саараагүй байх үед манайхан нэлээд гаарсан л даа. Орж ирж байгаа орлогоо сангууддаа зөв хуваарилаад, улмаар арвижуулах, хуримтлуулах, хойч ирээдүйдээ хадгалах зэрэг бодлогыг уг нь баримтлах байсан юм. Бид экспортын түүхий эдийн үнийн хамааралтай улсын хувьд хүнд хэцүү цагт зарцуулах хөрөнгө мөнгө, эдийн засгаа тэтгэх мөнгөтэй байя гэж олон жил ярьсан боловч энэ нь биелэлээ олж чадаагүй.

-Биелэлээ олж чадаагүй шалтгааныг хэрхэн тайлбарлах вэ?

-Эрх мэдэлтэй байсан нөхдүүд л үүнийг хүсээгүй. Энэ бүх байдал нь эргээд эдийн засгаа шийдэх атал нөгөө талдаа улс төр хэтэрхий ороод ирсэн тэр нь өөрөө шударга биш. Тэгэхээр цэвэр эдийн засгийн онол, үүний нөхцөл байдлыг ярихад хэцүү болоод байна л даа. Ярьсан зүйлээ хэрэгжүүлэхгүй байгаагаас л гол асуудлууд үүсч байгаа юм болов уу гэж би хувьдаа боддог.


-Шинэ засгийн газрыг хэрхэн ажлаасай мөн юуг богино хугацаанд шийдээсэй гэж хүсэж байна вэ?

-Нэгдүгээрт авлигал хээл хахуулийн асуудлаа шийдвэрлэх. Өмнө их хэмжээний өр зээл тавьсан хүмүүстээ хариуцлага тооц, төлүүл. Мөн олон нийтийг мэдээлжүүлэх  буюу шинэ бодлого боловсруулах гэж байгаа бол үндэслэлээ сайн тайлбарладаг байх хэрэгтэй. Эх баригчид нээлттэй, ил тод байж судлаачид, эдийн засагчдын үг, үзэл бодлыг сонссоноороо өөрсдөд нь ашигтай. Ард түмэндээ асуудлаа зөв тайлбарлаад, үндэслэлээ зөв болгоод өгвөл шинэ бодлогыг  олон нийт хүлээн зөвшөөрнө шүү дээ.


-Арилжааны банкууд зээлийн өндөр хүүтэй, дээр нь Монголбанк бодлогын хүүгээ нэмчихсэн.  Энэ үед гаднын банк оруулж ирэх хэрэгтэй гэж үзэх ч хүмүүс цөөнгүй байна. Энэ тухайд таны бодол?

Эдийн засагчид тал талын л байр суурьтай байна. Хамгийн гол нь аливаа нэг асуудал ярихад заавал хэн нэгний эрх ашиг хөндөгддөг. Тухайн улсад тухайн бизнесийг хийж байгаа газрууд өөрсдийнх нь өрсөлдөөнийг нэмэхэд таатай хандахгүй. Гэтэл жижиг дунд бизнес эрхлэгчдийн хувьд санхүүгийн эх үүсвэр олдохгүй байна, хямд өртөгтэй санхүүжилтийн эх үүсвэртэй болох хэрэгтэй байгааг байнга ярьдаг. Иймээс нарийн судалгаа шинжилгээтэйгээр эрхзүйн орчноо бүрдүүлэх.  Гадны хөрөнгө оруулалттай банкуудыг оруулж ирлээ гэхэд дотоодын банкуудаа хямруулахааргүй түвшинд орчныг нь бүрдүүлсэн тохиолдолд гадны  банк яагаад оруулж ирж болохгүй гэж.  Хамгийн гол нь бүх зүйл дээр юу дутагдаад байна вэ гэхээр судалгаа шинжилгээ, тооцоолол, нарийвчилсан тайлбар, үндэслэл дутагдаад байна.

 

Ярилцсанд баярлалаа

Б.Алтжин

Эх сурвалж: Breakingnews.mn