Үндэсний Стратегийн Хүрээлэн

Institute for National Strategy

Улаанбаатар “Ногоон хотууд” хөтөлбөрт нэгдсэн Азийн анхны хот боллоо

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн хотуудыг ногоон эдийн засагт шилжихэд санхүүжүүлэх (GET) “Ногоон хотуудын хөтөлбөр”-т Улаанбаатар хот нэгдэж байна. Ингэхийн тулд “Ногоон хотын үйл ажиллагааны төлөвлөгөө” боловсруулах юм. Үүнийг Европын Сэргээн босголт, хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх төслийн нээлт өнөөдөр “Сэнтрал таур”-т боллоо.

“Ногоон хотын хөгжлийн төлөвлөгөө” төслийн удирдагч Б.Мөнхсоёлоос тодруулахад, “Нэг жилийн хугацаанд хэрэгжих төслийн хүрээнд “Ногоон хотын үйл ажиллагааны хөтөлбөр” боловсруулах ажлыг эхний ээлжинд хийнэ. Энд хог хаягдал, ус, хөрсний асуудал, барилга байгууламж, газар, агаарын бохирдол зэрэг өнөөдөр манай нийслэлд тулгамдаж буй бүх асуудал орж байна. Эдгээр секторын буюу салбарын асуудлуудтай холбоотой гол индикатор үзүүлэлтүүдийн мэдээллийг юуны өмнө цуглуулж байна” гэв.

Үүний хажуугаар нийслэл хот болон улсын түвшинд хүрээлэн буй орчны асуудлыг шийдэж ногоон руу чиглүүлэхэд одоо хэрэгжиж буй бодлогын гол баримт бичгүүдийг авч судалж байгааг хэллээ. “Төслийн хүрээнд салбарын одоо тулгамдаж буй асуудлуудыг шийдэхэд бодит ямар хөрөнгө оруулалт шаардагдах, ямар шинэ техник, технологи, шинэ хөрөнгө оруулалт хийхийг эхний ээлжинд тодорхойлж, улмаар одоогийн байгаа үзүүлэлтүүдийг сайжруулахад голлон анхаарах юм. Зэрэгцэн орчны салбаруудын чиглэлээр ажиллаж буй дотоодын мэргэжилтнүүдийг гадаадын эксперт зөвлөхүүдийн дэмжлэгтэйгээр чадавхижуулах сургалт зохион байгуулах юм” гэв. Учир нь энэхүү төсөл нь гадаад, дотоодын экспертүүдийн хамтран хэрэгжүүлж буй багийн ажил юм байна.

“Ногоон хотын үйл ажиллагааны төлөвлөгөө” боловсруулах төслийн нээлтэд оролцсон Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан хэлэхдээ, “Төслийн гол зорилго ирээдүйд хүрээлэн буй орчныг эвдэлгүйгээр зөв хөгжил буюу ногоон хөгжлийг авчрахын тулд ямар хөрөнгө оруулалт илүү чухал байгааг гаргаж ирэхэд оршиж байна. Нөгөө талаар усны чанар, агаарын бохирдлоос гадна орхигдож буй хөрөнгө оруулалт юу байна гэдэгт анхаарлыг хандуулах юм” гэдгийг онцлов.

Тодруулга: Европын Сэргээн босголт, хөгжлийн банк “Ногоон хотуудын хөтөлбөр”-ийг зөвхөн өөрөө хэрэгжүүлээ зогсохгүй, хамтран ажилладаг донор хандивлагч байгууллагуудаас босгосон мөнгө, хөрөнгө оруулалтаа юунд чиглүүлж зарцуулахаа төлөвлөж байна. Учир нь тус банк ногоон санхүүжилтийн хэмжээгээ 2020 онд гэхэд өөрийн жилийн нийт хөрөнгө оруулалтын 40 хувьд хүргэхийн зорин ажиллаж байна. Дээрх төсөл нь зөвхөн манай улсад бус, олон улсад 10 хотыг сонгон ажиллаж байгаагаас Улаанбаатар хот Ази тивээс анхны хот нь болж байна.

“Ногоон хотын үйл ажиллагааны төлөвлөгөө” боловсруулах төслийн нээлтийн өнөөдрийн арга хэмжээнд ЕСБХБ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч, хатагай Ирина Кравченко болон “Ногоон хотуудын хөтөлбөр”-ийн Лондонгоос ирсэн мэргэжилтэн экспертүүд оролцлоо.

Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Leave a Reply