Үндэсний Стратегийн Хүрээлэн

Institute for National Strategy

Монголыг хөгжилд хөтлөх нь – Үндэсний Стратегийн Хүрээлэнг байгуулахын учир

Хэсэг бүлэг залуус үдийн наранд нарлан хуучилж сууна. Тэд хоорондоо өрсөлддөг ч, нөхөрлөдөг ч, хамтдаа наргиж  ааддаг тийм л найзууд байв. Өнөөдөр тэд дарс шимэнгээ урьдын явдлаа дурсан ярьж, өөрсдийн болон ар гэрийнхний ирээдүйн талаар бодолхийлж цаашдын төлөвлөгөөнүүдээ гарган байлаа. Тэднээс хорин метрийн зайд удалгүй оройн хоол болох гэж буй уяатай хонь зогсоно. Цаг өнгөрөн, залуусын дуу шуу ихсэж, санаачлах төлөвлөгөө нь томрон томорсоор эцэст нь тэд уусан ундаандаа дийлдэн унтаад өгөв.

Нэлээд хэдэн цагийн дараа тэд сэрж ухаан орж эхэллээ. Шартсан хэдий ч тэд өөрсдийн гаргасан төлөвлөгөөнүүдээ бодоход санаа сэтгэл нь өөдрөг байв. Нэг нь “за юм идэцгээе” хэмээн санал гаргахад бүгд хоолны ширээ рүүгээ харлаа. Ширээ нь хоосон, идэх хоол байсангүй. Ингэхэд нэг нь өнөөх уяатай хонины зүг хараад инээд алдав.

 Бас нэг нь эвшээн “хонь маань ч хонь хэвээрээ л байна даа” хэмээв.

Өнгөрсөн аравдугаар сард Улаанбаатарт болсон Бизнесийн холбоодын чуулганаар бизнесийн лидерүүд Монголын хөгжил саарсны учрыг тунгаан, цаашид хэрхэх ёстой талаар яриа хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Эдгээр лидерүүд эдийн засгийн энэхүү хүнд нөхцөл байдал үүссэний шалтгааны нэг хэсэг нь олон улс дахь эдийн засгийн хүнд нөхцөл байдал гэдгийг мэдэж байсан ч иймдээ хүрэхэд Монголчуудын өөрсдийнх нь оруулсан хувь нэмэр ч байсан гэдгийг хүлээн зөвшөөрч байв.

2013 оны аравдугаар сараас хойш Монголын эдийн засгийн төлөв улам муудлаа. Гадаадын шууд болон капитал хөрөнгө оруулалт огцом буурч, инфляци өсөн, гадаад валютын нөөц багассаар төгрөгийн ханш унах болов.

Бизнесийн холбоод, Монголын лидерүүд, УИХ хийгээд Засгийн газар Монголын хөгжилд оруулах хувь нэмрийг эрчимжүүлэн Монголчууд болон манай оронд үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай байгууллагуудад ашигтай ажиллах нөхцлийг бүрдүүлэх нь нэн чухал юм.

Монгол Улсын хөгжилд тушаа болж буй олон асуудлууд бий. Эдгээрийг шийдвэрлэхийн тулд бид одоо үүсээд буй нөхцөл байдлаа үнэн байдлаар нь шүүн тунгаах хэрэгтэй бөгөөд ингэхийн тулд асуудлын голыг нь олсон зөв асуултууд тавьж, үзэл бодлоо цензургүй солилцох шаардлагатай юм. Ингэснээр гол асуудал дээрээ төвлөрөн ажиллах боломжтой болно.

Өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр төрөл бүрийн мэдээ мэдээлэл цацагдах болж хэвлэл мэдээллийн байгууллагууд олон нийтийн итгэлийг нэлээд алдаж байна. Монголд тулгараад буй асуудлуудын уг шалтгаан нь юу болох талаар янз бүрийн л үзэл бодол байдаг.

ҮСХ-ийн зорилго нь үүнтэй адил бас нэгэн санаа, үзэл бодол гаргахаасаа илүүтэйгээр эдгээр асуудлаар олон нийтийн дунд өндөр түвшний хэлэлцүүлэг өрнүүлж, үр өгөөжтэй бодит шийдэлд хүргэхэд чиглэх юм.

Дараах нөхцөл байдлуудаас ҮСХ-ээс эхний нийтлэлүүдэд авч хэлэлцэх таван асуудлыг харж болно.

Нөхцөл байдал 1: Улс орны баялаг, хөгжлийн нэгэн хэмжүүр нь тухайн орны биет болон нийгмийн дэд бүтцийн хөгжил яах аргагүй мөн билээ. Нэгэнт заяагдсан Монголынхоо сайхан үзэсгэлэнт байгальтай харьцуулахад дэд бүтэц, тухайлбал зам, төмөр зам, нисэх буудал, цахилгаан станц, эмнэлэг, клиник, сургууль, спорт наадмын цогцолборуудын бүтээн байгуулалт орчинтойгоо нийцээгүй, чанарын шаардлага хангахгүй байх нь элбэг.

Нөхцөл байдал 2: Засгийн газар нь дэд бүтцийн эдгээр асуудлуудыг шийдэхэд шаардлагатай санхүүжилт бий болох суурийг тавьж өгдөг. Дэд бүтцээ хөгжүүлэх энэхүү шаардлагыг бизнесийн боломж, эдийн засгийн өсөлтөд оруулах хувь нэмэр талаас нь харах нь зүйтэй. Эдгээр төслүүдийг хэрэгжүүлэх нь шинэ ажлын байр бий болгож улмаар татварын орлого ч ихсэх юм.

Нөхцөл байдал 3: Монголын эдийн засаг 2010 оноос эхлэн өндөр хурдтай өссөөр ирсэн хэдий ч одоо төгрөгийн ханш унаж, байнга өсөн нэмэгдэх инфляцийн асуудалтай тулгараад байгаа. Улаанбаатар болоод зарим нэгэн хотуудад барилгын ажил явагдаж байгаа ч Засгийн газрын энэхүү төсөв, мөнгөний тэлэх бодлогын урт хугацаандаа эдийн засагт үзүүлэх нөлөө, Засгийн газрын өрийн өсөлтийн урт хугацаан дахь үр дагавар зэргийг ойлгоход илүү төвөгтэй юм.

Нөхцөл байдал 4: Дэлхийд өрсөлдөх хэмжээний компаниудтай улс орнууд өөрсдийн хөгжлийн бодлого, стратеги, өрсөлдөх чадвараа ДНБ өндөртэй улсуудтай харьцуулан судалж үздэг. Шилдгийн тоонд багтахын тулд маш их хөдөлмөрлөх хэрэгтэй гэдгийг тэд ойлгодог. 2010 оноос Эдийн Засгийн Бодлого Өрсөлдөх Чадвар Судалгааны Төв (ЭЗБӨЧСТ) нь Менежментийн Хөгжлийн Институттэй хамтран Монгол Улсыг өрсөлдөх чадвар өндөртэй болон бусад өрсөлдөгч тодорхой орнуудтай харьцуулан судалж эхэлсэн.

husnegt

ЭЗБӨЧСТ-ийн 2013 оны судалгаа нь өрсөлдөх чадварын дөрвөн гол үзүүлэлтүүдийг (дээр үзнэ үү) сонгон харуулсан бөгөөд мөн үзүүлэлт болгоныг бүрдүүлдэг дэд хүчин зүйлүүдийг нь задлан харуулжээ. Дөрөв дэх жилдээ гарч буй энэ судалгаанд Монгол доогуур жагсаж яваа хэдий ч энэхүү судалгаа нь Монголд юуг засч залруулах хэрэгтэй байгааг харуулж байгаагаараа чухал юм. Энэхүү судалгаа нь жил бүр Дэлхийн Эдийн Засгийн Форумаас гаргадаг Дэлхийн Өрсөлдөх Чадварын Тайлантай ижил дүгнэлтэд хүрсэн байна. Нийт 144 гаруй улс хамрагддаг уг судалгаагаар Монгол Улс олон чухал үзүүлэлтүүдээрээ сүүлийн 20 хувьд нь жагссан юм.

Нөхцөл байдал 5: Монголын ардчилал эрүүл хүчирхэг байгаа нь телевиз, сонин, вебсайтын тооноос харагддаг. Нэг хүнд ногдох телевизийн суваг Монголд үнэхээр өндөр байгаа. Тиймээс бид олон нийтийн дунд тулгарч буй хүнд нөхцөл, асуудлаа боломж болгоход чиглэсэн далайцтай, үр өгөөжтэй хэлэлцүүлэг өрнүүлэхэд техникийн талаасаа сайн бэлтгэгдсэн байгаа гэж хэлж болно.

Иймэрхүү хэлэлцүүлгүүд маргаантай болох нь гарцаагүй. Саяхан “Mongolia Focus” дээр тавигдсан нэгэн нийтлэлд гадны хөрөнгө оруулагчдын Монголд хөрөнгө оруулах сонирхол, бэрхшээлүүдийн талаар бичсэн байсан бөгөөд үүнд гол хөндсөн асуудал нь Засгийн газар болон бизнесийнхэний хоорондын хамтын ажиллагаа байсан. Энд Засгийн газрыг шүүмжлэн бичсэн байсан тул мэдээж үүнийг нь эсэргүүцэх, ийм төрлийн шүүмжийн үр өгөөжийг үгүйсгэх нэгэн гарч ирнэ гэдэг нь ойлгомжтой. (Нийтлэлийн эхийг доорх линкээс харж болно.)

http://blogs.ubc.ca/mongolia/2014/why-are-american-investors-struggling-in-mongolia/

Хураангуй: ҮСХ-ийн энэхүү анхны нийтлэлээр нь улс төр, бизнес, нийгмийн лидерүүдийн тунгаан бодож хэлэлцэх асуудал хөндсөн таван нөхцөл байдлыг гаргаж ирлээ.

• Дэд бүтцийн хөгжлийн хурд
• Төслүүдийг хэлэлцээр, төлөвлөгөөний шатнаас гүйцэтгэлийн шат руу аваачихад үүсч буй удаашрал, тулгарч байгаа бэрхшээл
• Монгол Улсын өрсөлдөх чадварт тулгарч буй асуудал
• Эдийн засгийн чадамжийн үнэлгээ, түүний чанар
• Хамгийн чухал асуудлуудыг шийдэхэд олон нийтийн дунд бодлогын хэлэлцүүлэг өрнүүлэх

Үндэсний Стратегийн Хүрээлэнгийн тухай

Үндэсний Стратегийн Хүрээлэнг (ҮСХ) Монголын бизнесийн холбоодын лидерүүд Монголдоо эдийн засгийн хөгжлийн талаарх бодлогын хэлэлцүүлэг дутагдаж буйг анзаарсны үндсэн дээр үүсгэн байгуулсан юм.

Тиймээс ҮСХ нь дотоодын болон олон улсын шилдэг сэтгэгч нартай хамтран аль нэг талыг баримтлаагүй, чанартай, тоо баримт судалгаанд үндэслэн Монгол Улсын хөгжлийн стратеги, эдийн засгийн удирдлагын талаар иргэдийн дунд бодлогын хэлэлцүүлэг өрнүүлэхэд анхаарч ажиллахаар зорьж байна.

ҮСХ-гийн гол зорилго нь Монголын хувийн хэвшлийн хөгжлийг эрчимжүүлэх, Монголчуудад чөлөөт эдийн засгийн хөгжлийн үр өгөөжийг хүртээх явдал юм. Монголыг хөгжүүлэх стратегийн сайн бодлого нь дутагдал, сул талуудаа арилгасан, байгалийн болон байршлын өрсөлдөх давуу талуудаа ашигласан тодорхой шийдлүүдэд төвлөрсөн байх явдал гэдэгт бид итгэдэг. Манай Хүрээлэн Монголд тулгарч буй шийдвэрлэх асуудлыг хөндсөн цуврал нийтлэлүүдийг гадна дотны лидер экспертүүдийг урьж бичүүлэхийн зэрэгцээ урт хугацааны стратегийн хөгжлийн төлөвлөгөөнд санал, зөвлөмж оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Нийтлэлүүд нь зохиогчийнхоо үзэл бодлыг төлөөлөх бөгөөд нийтлэл бүрийн төгсгөлд ҮСХ-ээс хөндөгдсөн асуудлыг улс төрийн тавцанд хэрхэх боломжуудын талаар товч санаагаа бичиж оруулах юм. Энэ нь Засгийн газар болон улс төрийн намууд дунд байж болох бодлогын байр сууриудыг тодорхой харуулах зорилгоор хийгдэх бөгөөд ҮСХ улс төрийн аль нэг талыг баримтлах гэсэн явдал биш юм.

ҮСХ нь бодлого боловсруулах үйл явцад хувь нэмрээ оруулахаар ажиллаж буй олон байгууллагуудын ажлыг үнэлж байгаа бөгөөд цаашдаа эдгээр байгууллагуудын санаачилсан ажлуудыг олон нийтэд хүргэх замаар дэмжин хамтран ажиллах зорилттой байна.

ҮСХ-ийн дараагийн цуврал нийтлэл: “Алдсан итгэлийг эргэн олж авах нь”

КАМЕРОН МАКРЕЙ

Ерөнхийлөгч, ҮСХ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн

БААТАРЖАВЫН МӨНХСОЁЛ

ҮСХ-ийн Гүйцэтгэх захирал

Leave a Reply