Үндэсний Стратегийн Хүрээлэн

Institute for National Strategy

Хувийн хэвшлийг сэргээх шинэ хандлага хэрэгтэй

“Vertrouwen komt te voet en vertrekt te paard” гэсэн энэ дани зүйр цэцэн үгийг “Итгэл явган ирж, моринд мордон оддог” гэж орчуулж болно. Энэ үгийг өнөөгийн Монголын хөрөнгө оруулалтын орчинд тохируулан “Хөрөнгө оруулалт явган ирж, моринд мордон оддог” хэмээн өөрчилмөөр байна.

Гадаадын ч бай, дотоодын ч бай хөрөнгө оруулалт итгэл дээр тогтдог. 2009-2011 оны хооронд Монголд хөрөнгө оруулалтын тэсрэлт болж байсан үе өнгөрчээ. Санхүүжүүлэгчид, хөрөнгө оруулагчид дээд зэргийн сонор сэрэмжтэй болж, Монголыг сонирхохгүй болж байна. Мега төслүүдийг хариуцан ажиллах Засгийн газрын шинэ сайд М.Энхсайхан дүгнэхдээ “АНУ тэргүүтэй орнууд ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авч рублийн ханшийг унагаж байгаа бол Монголд бидний эдийн засгийн бодлого төгрөгийг сулруулж байна” гэжээ.

Шинэ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үүнийг элдэв маяггүйгээр тодорхойлсон:

-Эхлээд элдэв улс төрөө хойш тавья, хойтонгийн хойтон их хурлын сонгуультай гэдгээ түр мартацгаая, хэн нь илүү эх орончоороо ч уралдахаа зогсооё, ….хэн нь хүмүүст илүү хайртайгаараа популизм хийхээ ч орхиё. Асуудлуудаа эрүүл саруулаар, элдэв эмоцигүйгээр нэг ярьцгаая.

-Бид одоо өөрчлөлт хийх цаг болжээ, энэ хэвээрээ элдэв арга хэмжээ авалгүй байдал хэвээр үргэлжилбэл хэсэг хугацааны дараа бид default  буюу улс орноо дампуурсан хэмээн зарлах шаардлага үүсэхийг ч үгүйсгэхгүй.

-Бидний өмнө яг 2008-2009 оныхтой адил эдийн засгийн гэхээсээ илүүтэй төлбөрийн тэнцлийн, тэр нь даамжирвал санхүүгийн хямрал нүүрэлчихээд байна.

-Монгол Улс маань байгалийн хичнээн баялагтай ч, хөрөнгө оруулалтгүй бол, хүн хүч, техник технологигүй бол, хамгийн гол нь зөв бодлогогүй бол алтан дээр суусан чигээрээ манай үеийнхэн үлдэх юм байна гэдгээ ч харлаа.

-Гэрээ баримт шийдвэр дээрээ мутраа хайрласан андгай үүргээ байтугай бариа зөрөөн дээрээ бусдыг үргээсэн хууль, шийдвэр гаргаад байвал биднийг хэн ч тоохгүй, эзгүй арал дээр хаягдсан Робинзонууд болохыг гуравхан жилийн дотор 4,6 тэрбумаас 0,6 тэрбум доллар болж 7,5 дахин буурсан хөрөнгө оруулалтын үзүүлэлт маань бэлээхнээ гэрчлээд өгнө.

Энэ нийтлэлээрээ макро эдийн засгийг тогтворжуулах эсвэл дэлхийн түүхий эдийн зах зээлийн үнийн уналтын сөрөг үр дагаврыг хэлэлцэхийг зорьсонгүй. Ерөнхий сайд хүндрэлийг хурдан хугацаанд даван туулж, шаардлагатай арга хэмжээ авахаа илэрхийлсэн. Энд бид дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татах ая тухтай орчныг бүрдүүлэхэд шинэ Засгийн газар юу хийж болох тухай саналаа солилцох гэсэн юм. Хөрөнгө оруулалтгүйгээр Монголын өнөөгийн хямралт байдал арилахгүй.

Марксаас зах зээл хүртэл ба хэрхэн эргэн сэргэх вэ?

Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу шилжих үйл явцад хувийн хэвшил маш чухал үүрэг гүйцэтгэж, Монголын эдийн засгийн өсөлтийг хөтөлсөн. Хувийн хэвшил өдгөө ажлын байрны 85 хувийг бүрдүүлж, НӨАТ, ашгийн татвар, роялти болон хураамж хэлбэрээр Засгийн газрын орлогын дийлэнхийг бүрдүүлж байна.

Хэдийгээр ийм чиг хандлага байгаа ч нэн ялангуяа сүүлийн есөн жилийн турш Засгийн газрын зүгээс хувийн хөрөнгө оруулагчдын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхүйц үйлдлүүдийг хийж ирлээ. Иймээс энэ амссан шархыг эдгээхгүйгээр Монгол улс сэргэхэд хүнд юм.

Хэрхэн эргэн сэргээх талаарх санаанууд гэвэл:

- Өмнө гаргасан алдаануудаа хүлээн зөвшөөрөөд,

- Шийдэгдээгүй асуудлуудыг шийдэж,

- Цаашдын өсөлтийг дэмжих үр ашиг бүхий арга хэрэгслийг бий болгох явдал юм.

Өнөөгийн Монголын эдийн засгийн хүндрэлийн үндэс нь алдаатай бодлого болон хөрөнгө оруулалт тойрсон маргаан юм. Алдааатай бодлогууд гэвэл:

  1. 2006 онд батлагдсан Гэнэтийн ашгийн татвар /68 хувийн/
  2. 2010 онд батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг олборлох тухай хууль /Урт нэртэй хууль/
  3. 2011 онд батлагдсан Өсөн нэмэгдэх роялтийн тухай хууль
  4. 2012 онд батлагдсан Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулиуд юм.

2000-аад оны дунд үед Монгол Улс гадаад, дотоодын уул уурхайн компаниудын хайгуул хийх гол газар болоод байсан. Гэвч алт болон зэсэнд ногдуулсан гэнэтийн ашгийн татвар нь дөнгөж сэргэж байсан геологийн хайгуулын салбарыг үндсэндээ мөхөөсөн юм. Монголоос дайжсан хөрөнгө оруулагчид хөрөнгөө хаа нэгтээ оруулж эхэлсэн. Алт, зэсийн хайгуулын ажилд зарцуулсан хөрөнгө ууршин алга боллоо. Эцсийн дүндээ геологи хайгуулын ажилтай холбоотой бүхий л ажлын байраа алдсан. Хайгуулын ажилтай шууд холбоотой ажлын байраас гадна, үүнийг дагалдан бий болсон үйлчилгээний ажлын байрууд болох зочид буудлын үйлчилгээ, шинжилгээ лабораториуд, өрөмдлөг, тээвэр, ложистикийн компаниуд орлогоо алдсан. Энэ байдал гэнэтийн ашгийн татварыг цуцлах хүртэл үргэлжилсэн юм.

Харамсалтай нь дайжсан компаниудын дийлэнх нь буцаж ирээгүй. Тэдний ч зөв байсан. Учир нь, Засгийн газар өсөн нэмэгдэх роялтийн татварт өөрчлөлт оруулж, хайгуулын шинэ тутам компаниудын хувьд өндөр хэмжээг тогтоосноо танилцуулсан. Роялтийн шинэ татвар нүүрсний салбарын компаниудыг бараг дампуурал руу түлхсэн.

Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль нь Монголын эдийн засгийн “стратегийн” салбар дахь гадаадын компаниудыг хязгаарлаж, шинэ төсөл хөтөлбөрийг үндсэндээ царцаасан. Компаниуд хөрөнгөө оруулахын тулд зөвшөөрөл авах шаардлагатай болсон бөгөөд үүнийг Засгийн газар институтийн хэмжээнд хийх хэрэгтэй байсан. Гэхдээ ийм зүйл хэзээ ч болоогүй бөгөөд компаниуд хөрөнгө оруулах боломжгүй болон хоцорч, өөрсдийн төсөл хөтөлбөрөө илүү найрсаг аль нэг оронд хэрэгжүүлэхээс өөр аргагүй болсон юм.

Хөрөнгө оруулалтын маргаан бодлогын алдаагаар улам гүнзгийрлээ

Монгол Улс гэрээний хөдөлшгүй байдал, ялангуяа хувийн өмчийн аюулгүй байдлыг хамгаална гэсэн итгэлээ уул уурхайн хөрөнгө оруулагчид алдсан. Ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл, Хөрөнгө оруулалтын гэрээ нь нь үндсэндээ өмчийн эрхийн баталгаа юм. Хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулах шийдвэрээ тусгай зөвшөөрөл болон Хөрөнгө оруулалтын гэрээний заалтуудад үндэслэн гаргадаг. Засгийн газар, түүний харъяа агентлагууд дуртай цагтаа тусгай зөвшөөрлийн нөхцөл, Хөрөнгө оруулалтын гэрээний заалтуудыг өөрчлөх нь итгэлийг алдагдуулж, Засгийн газар цаашдын хөгжлийн түнш байх эсэх найдварыг бөхөөдөг.

Өмчийн эрхийг Засгийн газар хэрхэн зөрчиж байгаа ойрхны жишээ гэвэл:

  1. Бороо гоулд компанийн Хөрөнгө оруулалтын гэрээг эргэн харах шийдвэр,
  2. Хан Ресорсиз компанийн ураны тусгай зөвшөөрлийг улсын мэдэлд авсан,
  3. Энержи Ресорсиз компанийн Тавантолгой-Гашуун сухайтын төмөр замыг улсын мэдэлд авсан,
  4. Урт нэртэй хуулийн заалтын дагуу уул уурхайн компаниудын тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр /өнөөг болтол нөхөн олговор өгөөгүй байгаа/,
  5. Ашиглалтын 106 тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр,
  6. Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн гэрээг дахин харах шийдвэр зэрэг болно.

Монголын төдийгүй олон улсын арбитрын шүүхэд маргаан үүсэн явж байгаа хэд хэдэн гэрээ байна. Эдний зарим нь төрийн өмчит компани нь ажил гүйцэтгэх болон төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйгээс үүдсэн маргаан байна. Тухайлбал,

-Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ

-Шүүхийн шийдвэрээр цуцалсан 106 тусгай зөвшөөрлийн маргаан (15 нь шийдэгдсэн)

-“Эрдэнэс Тавантолгой” болон “Чалко” компанийн хоорондох нүүрс нийлүүлэх гэрээ

-Концессусын гэрээгээр баригдсан Салхитын сэргээгдэх эрчим хүчний станцын төлбөрийн маргаан

-Монголын төмөр зам компаниас Самсунг C & T-д /Гашуун сухайт төмөр зам барих/ төлөх төлбөрийн маргаан зэрэг байна.

Хамгийн аймшигтай нь гэмт хэрэгт буруутгагдаагүй байхад гадаадын мэргэжилтэн, ажил гүйцэтгэгч, зөвлөхүүдийн хилээр нэвтрэх визийг цуцалж байгаа явдал. Энэ тохиолдлууд нь Монгол улс хүний эрх болоод чөлөөтэй шилжин явах эрхийг зөрчсөн хэрэг болж байна хэмээн гадаадын хэвлэлүүд бичиж байгаа билээ.

Шинэ хандлагад суралцъя

Хамгийн чухал нь “итгэлийг дахин сэргээх” хэрэгтэй байна. Гэхдээ PR тойрсон ургуулан бодолтоор биш, мөн хууль эрх зүйн “аймшигт” үйлдлээ засах замаар биш. Хувийн хэвшил гэдэг бол Монголын болоод монголчуудын дайсан биш, харин ч эсрэгээрээ аль ч улс орны, аль ч Засгийн газрын хөдөлгүүр юм.

Хуучин хүндрэлүүдийг шийдэх шинэ арга зам хайх хэрэгтэй байна. Хэрхэн богино хугацаанд Монголыг агуу улс болгох вэ гэсэн шинэ арга зам хэрэгтэй.

Алдаагаа давтахгүй байх, маргааныг яаралтай шийдэх

Эхлээд хуучин маргаануудыг яаралтай цэгцлэх хэрэгтэй. Үүнийг маш яаралтай хийх хэрэгтэй, удах тусам Монгол бол хөрөнгө оруулалтад аюултай газар гэдэг ойлголт батжих болно.

Магадгүй зарим хуучин маргааныг богино хугацаанд шийдэхэд сэтгэл өвтгөм, зардал хөрөнгө ихээр шаардах магадлалтай, гэвч ингэж чадвал урт хугацаандаа эдийн засгийн өсөлтийг авчирч, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ. Зарим шийдэл нь огт хөрөнгө шаардахгүй, зөвхөн хэдхэн лидер зөв зарчим баримтлахад болно. Тэдний хувийн бардам зангаас илүүтэй улс үндэстний эрх ашиг эхэнд байх ёстой.

Засгийн газар ирээдүйд хийх гэрээ, зөвшилцлийн арга барилдаа мөн шинэ хандлага гаргах хэрэгтэй. Том төсөл, гэрээг бэлдэхийн тулд Засгийн газар олон улсын хуульчдын зөвлөгөөг авах хүсэлгүй байна. Хэдийгээр ийм үйлчилгээ авах нь үнэтэй, зардал өндөртэй боловч энэ урт хугацааны гэрээ хэлэлцээрт орлоо гэсэн итгэлийг Засгийн газарт төрүүлэх юм.

Өөр нэг чухал асуудал бол хөрөнгө оруулалтын гэрээний зөвшилцлийг улс төрийн намуудаас ангид байлгах хэрэгтэй. Шинэ Засгийн газар гарч ирээд өмнөх Засгийн газрынхаа бодлогыг өөрчилдөг зуршилтай бол ямар ч хөрөнгө оруулагч, ямар ч банк хөрөнгөө найдаж өгөхгүй.

Төрийн үүргийг өөрчилье

Орчин цагийн зах зээлийн эдийн засагт Засгийн газар гэдэг бол тодорхой удирдамжийн хүрээнд хувийн хэвшлийн хөгжлийг чиглүүлж, зуучилдаг байх ёстой. Өнөө цагийн Монголын Засгийн газрын агентлагуудын үйл ажиллагааг харахад үр ашигтай хөгжлийн зуучлагч биш харин хэнийг ч нэвтрүүлдэггүй үүдний манаач мэт харагддаг. Чухал биш, энгийн гэмээр асуудлуудад олон тооны зөвшөөрөл авах шаардлагатай болдог нь үүний илрэл юм. Энэ байдал нь түшмэдүүдэд том төслүүдийг жижиг техникийн чанартай асуудлаас болж саатуулах, гацаах манаач  байх боломжийг олгож байгаа юм. Олон улсын санхүүгийн корпорацийн саяхан хийсэн “Бизнес хийх нь” гэсэн судалгаагаар элдэв төрлийн зөвшөөрөл авах асуудлаар Монгол маш муу /дэлхийн улс орнуудын 107-д/ үзүүлэлттэй гарчээ.

Том төслийг хэрэгжүүлэхийн тулд төслийг хэрэгжүүлэгч болон Засгийн газрын харъяа газруудын хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг шаарддаг. Тухайн төсөл амжилттай хэрэгжиж, эдийн засгийн үр ашиг авчрахын тулд ихэнх улс орон тусгайлсан дэмжлэг үзүүлдэг. Үүний нэг жишээ нь Австралийн Квинслэндийн Мужийн хөгжил, Дэд бүтэц, Төлөвлөлтийн Департамент юм. Тэд зорилгоо ингэж тодорхойлжээ: “Бид бизнес болон аж үйлдвэрийн ашиг сонирхлыг хамгаалах замаар Квинслэндийн эдийн засгийг хөгжүүлэхийн төлөө байна. Бид үүнийгээ бизнес, эдийн засгийн өсөлтийг хөтлөх замаар, мужийн дэд бүтэц болон төлөвлөлтийн бодлогыг зангидах замаар, том төслүүдийг төлөвлөж, дэмжиж, зөвшөөрч, зохицуулж, улмаар Квинслэндийг өөрчилнө”.

Өөр нэг хөгжиж байгаа улс болох Папуа Шинэ Гвиней төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх төрийн механизмыг бий болгож, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, хөгжүүлэхэд цаг тухай бүрт нь хэрэгцээтэй тусламж дэмжлэгийг үзүүлдэг.

Монголын хувьд ийм тусгай агентлаг хэрэгтэйгээс гадна, өсөлтийг хангахын тулд манаач байх ойлголтоо өөрчилж, хөгжлийг дэмжигч байх хэрэгтэй байна.

Засгийн газар бол эдийн засгийн бодлогын гол хэрэгжүүлэгч мөн. Эдийн засгийн бодлого гэдэг бол эдийн засгийн өсөлт, боломжийг өргөн хүрээнд хангах бодит нөхцөлүүдэд үндэслэгдэн хэрэгжих ёстой болохоос биш уйтан эрх ашигт үндэслэгдэх учиргүй. Улс төр болоод бизнесийн нягт харилцаа нь эдийн засгийн үр ашиг, эсвэл эдийн засгийн хөгжлийн гацаанаас гарах гэхээсээ илүүтэй тусгайлсан бизнесийн эрх ашигт захирагдах нь бий. Бодлого зөвхөн эдийн засгийн үр ашигт захирагдах ёстой.

Дэд бүтцийн хөгжлийн гол хөшүүрэг бол хувийн хэвшил

Аливаа төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэгчдэд нийцүүлсэн, тэдэнд тохирсон дүрэм журам, стандартыг бий болгох нь Засгийн газрын үүрэг. Гэтэл Засгийн газар тухайн төслийг бүрэн хэрэгжүүлэх санхүүгийн болон техникийн хүчин чадал өөрт байхгүй байхад өмчийн бүрэн эсвэл дийлэнх хувийн эзэн болохоор шахаж шаарддаг.

Үүний жишээ нь, Энержи ресурс компанийн Гашуун сухайтын төмөр замын төсөл юм. Энэ төсөл хувийн хэвшлийн зуун хувийн хөрөнгөөр санхүүжигдэж, баригдаж, 2015 онд бүрэн дуусах байсан. Гэвч эдийн засаг царцах үед Засгийн газар одоо мэдэлдээ аваад байна. Гэсэн ч санхүүгийн боломж байхгүйгээс одоо энэ ажил зогсоод байна. Төлөвлөсөн ёсоор энэ төмөр зам 2015 онд ашиглалтад орохооргүй болоод байна.

Эрчим хүчний салбарт ч мөн үүнтэй ижил жишээ бий. Хувийн хэвшлийн компани эрчим хүчний том станц барихад бэлэн байсан ч Засгийн газрын холбогдох зөвшөөрөл авч чадаагүй, эсвэл нийлүүлэлтийн гэрээ хийж чадаагүй учраас ажлаа зогсоосон тохиолдол бий. Гэтэл Олон улсын санхүүгийн корпорацийн хийсэн судалгаагаар Монгол улс эрчим хүчний онцгой дутагдалтай орны тоонд орж, Африкийн орнуудын ард 162-т жагсч байна. Энэ нь төрийн түшмэдүүд эдийн засгийн өсөлтийг зогсоосон, үр ашигтай үйлчилгээг хаасан жишээнүүд юм.

Хувийн хэвшилтэй илүү үр ашигтай хамтран ажиллах

Засгийн газар болон хувийн хэвшил илүү сайн сайхан ирээдүйн төлөө хамтран ажиллах шаардлагатай. Ингэхийн тулд үр ашиг бүхий харилцан хамтын ажиллагааны хэлбэрийг бий болгох хэрэгтэй. Ихэнх улс орон төр болон бизнесийнхэн хамт цуглан уулзаж, бизнесийг хөгжүүлэхэд юу саад болоод байгаагаа зөвлөлдөн ярилцах хэлбэрийг бий болгосон байдаг. Ийм хэлбэрийг хэвшүүлсэн нөхцөлд эдийн засгийн өсөлтөд шууд нөлөөтэй байж, боломжуудыг эрт ашиглаж чаддаг. Монгол улс харьцангуй хөгжсөн хувийн хэвшлийн холбоодуудтай бөгөөд тэдний лидерүүд нь төртэй хамтран ажиллах боломжтой.

Дүгнэлт

Шинэ Засгийн газар ойрын үед үүсээд байгаа маргаантай асуудлуудыг аль болох хурдан шийдвэрлэж чадвал хэвлэлийн сөрөг мэдээллүүд зогсч, шинэ сайн мэдээллүүд дуулдах болно.

Илүү урт хугацааны зорилт төлөвлөгөөнүүдээ хувийн хэвшилтэй нягт хамтран ажиллах шинэ хандлагаар тодорхойлох хэрэгтэй. Манаааас хувийн хэвшлийн хөгжлийг чиглүүлэгч болон өөрчлөгдөх нь маш чухал.

Төр, хувийн бизнес хоорондын үр ашигтай зөвшилцлийн механизм бий болгож, цаашдын өсөлтийг хангах, бизнесийн хөгжилд саад болох аливаа зүйлийг арилгахад чиглэсэн төлөвлөгөө хэрэгтэй.

Зохиогчийн тайлбар: Энэхүү нийтлэл нь Монголын бизнесийн тэргүүлэх хүмүүстэй санал бодлоо солилцох замаар бичигдсэн болно. Үндэсний стратегийн хүрээлэн энэхүү үйл явцыг чиглүүлэн зохион байгуулж байгаа болно.

Leave a Reply