Үндэсний Стратегийн Хүрээлэн

Institute for National Strategy

Монгол Улс хөгжлийн эгзэгтэй үед дахин ирээд байна…

Үндэсний Стратегийн Хүрээлэнгийн хөндөж буй асуудал

Эдийн засгийн нөхцөл байдал эдүгээ сайнгүй байгаа бөгөөд өмнөх засгийн газрын тавьсан их хэмжээний өр зээл, түүнчлэн инфляци, зээлийн хүүгийн өсөлт, төгрөгийн ханшний уналт гэх мэт хүчин зүйл үүнд нэмэлт дарамт болж байна. Эдгээрийн хажуугаар шийдэгдэлгүй удаж буй хөрөнгө оруулалттай холбоотой маргаанууд, хөрөнгө оруулагчдын зүгээс хуульт ёс, төрд итгэх итгэл суларсан зэрэг шалтгаанаас улбаалан гадаадын хөрөнгө оруулалт үндсэндээ зогссон гэхэд хилсдэхгүй.

Ийм нөхцөлд шинэ Ерөнхий сайд Ч. Сайханбилэгийн тэргүүлэх Засгийн газар бодлогын оновчтой алхмууд хийж, тулгамдаж буй томоохон асуудлуудыг зөв дэс дараалалтай шийдвэрлэхийн зэрэгцээ хомс нөөцийг дунд хугацаанд хамгийн их үр ашигтай байдлаар зарцуулж чадах уу гэх асуулт юуны өмнө хэн бүхний сонирхлыг татаж байна.

Өнөөгийн нөхцөл байдлыг ажиглахад улс төрийн лидерүүдийн тоо мундахгүй олон, тэдний ярьж буй зүйл бүгд чихэнд чимэгтэй ч зоригтой, зөв зүйтэй бодлого гаргаж, түүнийгээ биелүүлж буй нь ховор байна. Шинэ Ерөнхий сайдын хувьд танхимаа шилдэг хүмүүсээр бүрдүүлэн Улсын Их Хуралтай амжилттай хамтран ажиллах замаар тулгамдаад буй олон асуудлыг зөв зүйтэй дэс дарааллаар шийдэж чадах уу.

Ерөнхий сайд саяхан дурдсанчлан “одоо үүсээд байгаа хямралд бид өөрсдөө буруутай.” Эндээс улбаатай цаашид шинэлэг санаа дэвшүүлж, цоо шинэ хэрэгжилтийн механизм бий болгон ажиллахад  шинэ хүмүүс, шинэлэг хандлага, шинэ холбоод, шинэ ёс зүй шаардлагатай болно.

ҮСХ-ийн зүгээс Ерөнхий сайд Ч. Сайханбилэг болон түүний танхимын үйл ажиллагаанд амжилт хүсэхын ялдамд өөрийнх нь дурдсан болон бусад бодлогын асуудлаар зарим шүүмж боловсруулснаа доор толилуулж буйг хүлээн авна уу.

Ерөнхий сайдын өнөөг хүртэл дурдсан зарим байр суурьтай холбоотой ҮСХ-ийн санал зөвлөмж

Одоогийн нөхцөл байдлаа юуны өмнө маш сайн тодорхойлох нь чухал.

  • Өнөөгийн нөхцөл байдлыг ерөнхийд нь авч үзвэл ойрын хугацаанд шийдвэрлэх боломж хомс байна.
  • Одоо ч үргэлжилсээр буй хөрөнгө оруулалттай холбоотой маргаанууд нь гадаадын хөрөнгө оруулагчдыг үндсэндээ үргээгээд байгаа бөгөөд үүнтэй холбоотой төр өөрөө болон банкнаас зээл авч мөнгө босгох нь маш өндөр өртөгтэй болсон.
  • Хятад, Оросоос авч буй бага хүүтэй зээл, Монголын хувийн хэвшлийнхний авч буй богино хугацааны бага хүүтэй зээл, татаас нь дунд хугацааны бодлогын шинж төрхтэй болж ирсэн  бөгөөд үүнээс үүдэн урт хугацаанд өрийн дарамт бий болох эрсдэл харагдаж байна.
  • Төрөөс олгож буй татаас нь өмнө нь Хүний Хөгжлийн Сангаас нийт иргэдэд тарааж байсан мөнгөнөөс ч хол давах хандлагатай байна.

Хөрөнгө оруулалттай холбоотой маргааныг яаралтай шийдвэрлэх шаардлагатай.

  • 2009 онд байгуулсан Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээ тухайн үед Монголын эдийн засгийг илааршуулахад тус дөхөм болоод зогсоогүй эдийн засгийн өсөлтөд ч чухал нөлөө үзүүлсэн билээ. Гэвч зарим улстөрчдийн зүгээс Рио Тинтогийн Монголд оруулсан хөрөнгө, үйл ажиллагааг муучлан, хөрөнгө оруулалтын гэрээг нүд үзүүрлэх болсон нь ноцтой алдаа болов. Монгол улсын хувь хөрөнгө оруулагчдыг татах чухал шалгуур нь Оюу Толгой төслийг дуусах хүртэл нэгэнт гарын үсэг зурж баталгаажуулсан хөрөнгө оруулалтын гэрээ болон бусад дагалдах гэрээг хүндэтгэн дагаж мөрдөх, улстөрчдийн зүгээс болон засгийн газрыг төлөөлөн хэлэлцээр хийж буй хүмүүс ийм хандлагаар асуудалд хандаж чадах эсэхээс хамаарна. Хөрөнгө оруулагчид болон олон улсын санхүүгийн ертөнц чухам үүнийг л ажиглан хүлээж байна.
  • Шинэ Ерөнхий Сайд Монголын бизнес эрхлэгчдийг гадаадаас зээл аван мөнгө босгохыг уриалсан. Оюу Толгойн асуудал шийдвэрлэгдээгүй, төслийн хоёр дахь шатны санхүүжилт орж ирээгүй байхад үүнийг гүйцэлдүүлэхэд ярвигтай. Мөнгө босгож чадлаа гэхэд Монголын бизнесийн орчин тодорхойгүй, эрсдэлтэй байгаа хүчин зүйлээс шалтгаалаад үндсэн зээлийн хүүгээс гадна эрсдлийн хүү төлж өндөр зардал гаргахаас өөр аргагүй болно.
  • Ерөнхий сайдын зүгээс 106 лицензийн асуудал дээр алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрсөн. Иймд эдгээр лицензийг гэм буруугүй эздэд нь яаралтай буцаан олгох нь чухал юм. Тендер дахин зарлаж тохуу хийхээ болиод энэ асуудлыг зөв зүйтэй шийдвэрлэх нь хөрөнгө оруулагчдын итгэлийг эргэн олж авахад тустай алхам болно.
  • Үүнээс гадна хөрөнгө оруулагчдын итгэлийг олж авахад саад болж буй хөрөнгө оруулалттай холбоотой бусад маргаан одоо ч үргэлжилж буй бөгөөд Засгийн газрын зүгээс тэдгээрийг яаралтай шийдвэрлэх ажлын хэсэг гарган төлөвлөгөө боловсруулан ажиллах нь оновчтой.

Тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх алтернатив арга замуудын тухайд

  • Эдийн засгийн Үндэсний зөвлөл байгуулах замаар эдийн засгаа солонгоруулах буюу олон тулгуурт эдийн засгийн бодлогыг дэмжиж хэрэгжүүлнэ.
    • ҮСХ: Үүний нэг эрсдэлтэй тал нь ярьж хэлэлцсээр байтал хийж гүйцэтгэх тал дээр анхаарал суларч цаг алдаж болзошгүй юм. Нэн тулгамдаад байгаа асуудлуудаа яаралтай арга хэмжээ авч шийдэх нь чухал байна.

  • Засгийн газрын зүгээс хэд хэдэн шинэ сан байгуулах, татаас дэмжлэг өгөх хөтөлбөр эхлүүлэхээр төлөвлөж байна.
  • Хөрөнгө оруулалт, Хөнгөлөлттэй зээл хоёрын зөв хослол дээр суурилсан өрийн удирдлагын шинэ тогтолцоо бий болгох ба Хөрөнгө оруулалтын сан байгуулна.
    • ҮСХ: Засгийн газрын өрийг цаашид нэмэгдүүлэлгүйгээр эдийн засгийн өсөлтийг дэмжих нь амаргүй ажил юм. Хөрөнгө оруулалттай холбоотой маргаануудаа шийдэж чадвал хувийн хэвшлийнхний хувьд зээл олж авах боломж нь нэмэгдэх нь гарцаагүй бөгөөд ингэснээр Засгийн газар өөрөө зээл авах шаардлага нь багасахаас гадна валютын ханш буурахад эерэг нөлөө үзүүлнэ.
  • Оростой рублийн своп хэлцлийн гэрээ байгуулах замаар шатахуунаа рублийн зээлээр авах ба Оростой хийх бусад худалдааг мөн рублиэр явуулна.
    • ҮСХ: Энд учирч болох эрсдэл нь тодорхой хугацааны дараа свопийг зогсоох нь гарцаагүй бөгөөд ингэснээр юуны өмнө төгрөгийн ханшыг улам унаж болзошгүй бөгөөд өртөг нь нэлээд өндөр тусах магадлалтай. Монгол улс Хятадтай мөн ийм хэлцэл хийсэн бөгөөд тэртэй тэргүй адил эрсдэл үүрч байгааг санахад илүүдэхгүй.
  • Хятадаас 1 тэрбумын бага хүүтэй зээл авч түүнийгээ
    • Чингис бонд болон түүний хүүг төлөх,
    • Хөгжлийн Банкаар дамжуулан Чингис бондны мөнгөнөөс зээл авсан талуудын төлөх ёстой хүүг өсгөх
    • Хөрөнгө оруулалтын баталгааны сангаар дамжуулан хувийн хэвшлийнхэнд үргэлжлүүлэн зээл олгоход зарцуулна.
  • Хүнд нөхцөлд байгаа Монголын хувийн хэвшлийн байгууллагуудад “bail out” аргаар туслалцаа дэмжлэг үзүүлнэ
    • ҮСХ-ийн зөвлөмж:
      • Хүнд нөхцөлд байгаа компани бараг дампууралд тулчихсан нөхцөлд банк хувьцааг нь зээлийн баталгаа болгох боломжгүй.
      • Засгийн газар баталгаа гаргаж өгөхгүй л юм бол ийм нөхцөлд орсон компани зээл авч чадах эсэх нь эргэлзээтэй.
      • Эдийн засгийн үйл ажиллагаанд нь олигтой дэвшил гарах магадлал тун бага, дээр нь зээлээ буцаан төлөх чадамж сул байхын зэрэгцээ хэрэв Засгийн газраас дэмжлэг үзүүлэх хөтөлбөр хэрэгжиж эхэлбэл авилгын замаар мөнгө үрэгдэх боломжтойг санахад илүүдэхгүй.
    • Хувийн хэвшлийнхний хөрөнгө оруулалтыг дэмжиж төрөөс баталгаа гаргах тусгай санг байгуулна.
      • ҮСХ: Энэ нь урт хугацаанд үр дүнгээ өгөх арга хэмжээ байж болох ч засгийн газрын зүгээс хараахан шийдвэрлэж амжаагүй байгаа хөрөнгө оруулалттай холбоотой олон маргааныг бодолцож үзвэл төрөөс гаргах баталгаа нь санхүүгийн чадавхийг илэрхийлэх зэмсэг болж чадахгүйг анхаарах нь зүйтэй.
    • Оюу толгой, Таван толгойгоос гадна 2-3 стратегийн орд газарт хувьцаа эзэмших Баялгийн сан байгуулна.
      • ҮСХ: Ямар ч уурхайд хувьцаа эзэмших нь Засгийн газрын хувьд стратегийн оновчтой шийдэл болж чадахгүй. Угаасаа энэ нь улс орны хөгжилд чөдөр болж буй философийн асуудал бөгөөд Засгийн газар үүнд анхааралтай хандаж шийдвэрлэх хэрэгтэй.
    • Скандинавын орнууд болон Чилийн туршлагад тулгуурлан нийгмийн даатгалын санг Хөрөнгө оруулалтын сан  болгон шинээр зохион байгуулна.
      • ҮСХ: Энэ маш зөв санаа бөгөөд эдийн засгийн өсөлтөд бодитой хувь нэмэр болохуйц арга хэмжээнд чиглүүлэн маш сайн зохион байгуулбал зохилтой.

Төрийн өмч оролцсон компаниуд дахь төрийн оролцоог багасгах тухай санал хэлэлцэгдэж байна.

  • ҮСХ: Олон улсын туршлагаас харахад хагас дутуу хувьчлал нь тэр болгон амжилтанд хүргэсэн нь ховор ба төсвийн орлогыг нэмэгдүүлж эдийн засгийн үр өгөөжтэй үр дүнд хүрсэн нь ховор аж.

Чухал томоохон төслүүдийг дэмжих талаар дахин яригдаж байна.

  • ҮСХ: Томоохон төслүүдээ урагшлуулах нь чухал, гэвч эдгээрт санхүүжилт чухал болохыг санан эдгээрийн төслийн заримд тодорхой техник, эдийн засгийн үнэлгээ, эдийн засгийн үр өгөөжийг тооцсон судалгаа дутагдалтай байгааг анхааралдаа авах нь чухал.

Орон сууцны зээлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэхийн зэрэгцээ бизнесийн моргейжийн хөтөлбөр эхлүүлнэ.

  • ҮСХ: Энэ нь Засгийн газрын одоо байгаа зээлийг улам ихэсгэх агаад банкны салбараа өргөжүүлэн боломжийн гэж үзсэн бизнесийн төслүүдийг баталгаатай зээлээр хангахад анхаарвал төсвийн мөнгийг зарцуулж, өрөө нэмэгдүүлснээс илүү оновчтой шийдэл болно.

 

Дүгнэлт

Өнөөдөр тулгараад буй нөхцөл байдлыг даван туулахад улстөрийн болоод эдийн засгийн тодорхой  хөтөлбөр зайлшгүй хэрэгтэй. Шинэ Засгийн газрын гишүүд доор дурдах асуудлуудыг анхаарч, тодорхой ойлголттой болох нь тун чухал юм. Үүнд:

  • Монголд хөрөнгө оруулах эрмэлзлэлтэй гадаадын хөрөнгө оруулагч, санхүүгийн байгуулллагуудын мөрдлөг болгодог “алтан дүрмүүд,”
  • Хөрөнгө оруулалттай холбоотой маргааныг бодит байдалд яаравчлан шийдвэрлэх боломжууд,
  • Монголыг хөрөнгө оруулахад хамгийн тохиромжтой газруудын нэг болгон, хөрөнгө оруулагчдыг татахад урамшууллын механизмын гүйцэтгэх үүрэг.

Ерөнхий сайдын хувьд дараахь нэн тэргүүний чухал асуудлуудад мөн анхаарлаа хандуулвал зүйтэй. Үүнд:

  • Уул уурхайн салбар дахь төрийн оролцоо, өмчлөл
  • Үл хөдлөх хөрөнгө, хот төлөвлөлт.

ҮСХ-ийн зүгээс Засгийн газар нь хот төлөвлөлтийн асуудалд анхаарал хандуулах нь чухал байгааг онцолж байна.

  • Эдийн засаг өсөхөд Оюу Толгой төслөөс гадна нэг гол хүчин зүйл нөлөөлсөн нь үл хөдлөх хөрөнгийн салбар юм. Харамсалтай нь төрийн зүгээс орон сууц худалдан авч буй иргэд, орон сууц барьж буй аж ахуйн нэгжүүдэд үзүүлж буй дэмжлэгээс үл хамааран орон сууцны үнэ маш их өссөн. ҮСХ-ийн зүгээс энэ асуудлыг хэрхэн харж буйгаа тоймлон хүргэвээс:
  • Орон сууцны үнэ нь (чанартай нь харьцуулахад) барилга барих зардлаас огт хамаарахгүй байгаа бөгөөд орон сууц барьж буй компаниудын олж буй ашиг нь маш өндөр байна.
  • Дуусаагүй барилгуудын тухайд бусад хүчин зүйл гэхээсээ илүүтэй барьж буй компаниуд нь мөнгөө барснаас өөр шалтгаан байхгүй болно.
  • Монголчууд төлж буй мөнгөндөө таарсан чанартай орон сууц эзэмших эрхтэй.
  • Өртөг багатай, олон давхар биш иргэдэд илүү хүртээмжтэй барилгуудыг тодорхой шалгуураар үнэлэн дэмжлэг үзүүлэх нь зүйтэй.
  • Оршин суугчдад зориулсан үйлчилгээ хомс, талбай багатай өндөр барилгуудад чихэлдэн амьдрахаас дээр хувилбар Монголчуудад илүү хэрэгтэй.

Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд өрнөсөн үйл явдлыг ажиглахад Засгийн газар гаднаас хөнгөлөлттэй зээл нэмж авах замаар эдийн засгаа тордох тухай илүүтэй яригдаад, харин хөрөнгө оруулалттай холбоотой маргаануудаа яаравчлан шийдвэрлэж, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх тухай хангалттай яригдахгүй байгаа нь анзаарагдлаа.

Засгийн газар нэмж зээл авснаар инфляци, валютын ханш буурч төгрөг чангарахгүй. Гадны хөрөнгө оруулагчдын хувьд макро эдийн засгийн тогтвортой байдлаас гадна хөрөнгө оруулалттай холбоотой олон маргааныг цэгцлэн шийдвэрлэх асуудал л юу юунаас чухал юм.

Хямралын үед зохион байгуулалттай ажиллаж амжилтад хүрэх нь амар биш. 2016 оны сонгууль хүртэл цаг хугацаа бага үлдээд байгаа нь үүнийг улам төвөгтэй болгоно. Хэрэгжилтийг хариуцах нэгжүүд (Таван толгойн цахилгаан станцын төслийн жишгээр) ажиллуулах нь оновчтой шийдэл болох бөгөөд тэдгээрийг санхүүжүүлж, нөөц бололцоогоор ханган, чиглүүлэх нь чухал.

Одоогийнх шиг нөхцөлд засгийг тэргүүлнэ гэдэг амаргүй даваа. Монголын ирээдүйн төлөө Ерөнхий сайд Ч. Сайханбилэг боломжтой бүх бодлогын хувилбаруудаас хамгийн оновчтойг нь сонгон хэрэгжүүлнэ гэдэгт бид итгэл төгс байна. Шуурга сөрөн хямралыг давах зөв арга замаар замнахад нь Монголын ард түмэн түүнд түшиг болно гэж бас итгэнэм.

ҮСХ-ийн ерөнхийлөгч Камерон МакРэй

Leave a Reply