Үндэсний Стратегийн Хүрээлэн

Institute for National Strategy

Макро эдийн засгийн хүндрэлээс гарах гарц /Хоёрдугаар хэсэг/

ҮСХ-ийн хөндөж буй асуудал

Түрүүчийн өгүүлэлд эдийн засагч Хашчулуун макро эдийн засгийн ямар ямар хүндрэлүүд гарч байгаа болон тэдгээрийг жирийн иргэд болон бодлогын чиглэлээр ажилладаг хүмүүс, шийдвэр гаргагчид хэрхэн ойлгож шийдвэрлэвэл зохих талаар өгүүлсэн билээ. Эдийн засаг сүүлийн гурван жил тасралтгүй өссөн ч эдүгээ бид инфляци, орон сууцны үнэ, зээлийн хүү, ажлын байр, төрийн үйлчилгээ гэх мэт олон үзүүлэлтээр тааруухан дүнтэй явах боллоо. Үүний сацуу улсын болон хувийн өр зээлийн хэмжээ өсч, төгрөгийн ханш огцом унах болов.

Монгол улсын өр нэлээд өндөр түвшинд хүрсэн бөгөөд зээлээ хүүтэй нь эргэн төлөхийн хажуугаар төлбөрийн тэнцлийн алдагдлаа нөхөх шаардлагатай тулгараад байна. Энэ хүндрэл ойрын хугацаанп арилахгүй бөгөөд яаралтай шийдвэрлэх арга хэмжээ авахгүй бол дордох эрсдэлтэй. Тэгэхээр одоо ямар арга хэмжээ авах нь зүйтэй вэ?

Зохиогчийн байр суурь – Камерон Макрей, ҮСХ-ийн үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч

Хүнд нөхцлийг хэрхэн даван туулж байгаагаар нь аливаа байгууллагын чадавхийг дүгнэх нь элбэг. Чадварлаг байгууллагууд таатай нөхцөлд улам дэвжиж, таагүй үе ирэхэд маш сайн даван туулах чадамжтай байдаг. Ийм байгууллагууд ихэвчлэн гадаад орчин таатай үед нөөцөө хуримтлуулах ба түүнийгээ нөхцөл байдал хүндрэхэд ашигладаг байна. Түүнчлэн амжилттай байгууллагууд хэрэгжүүлж буй стратеги нь үр дүн үзүүлэхгүй байгаа нь тодорхой болмогц ихэвчлэн цаг алдалгүй засч залруулах арга хэмжээ авах чадвараараа ялгардаг билээ.

Сүүлийн үед дэлхийн зах зээлд өрнөж буй үйл явц Монголд төдийлэн таатай нөлөө үзүүлсэнгүй. Уул уурхайн салбарт нэг үе өрнөсөн өндөр үнийн супер цикл дууссанаар хөрөнгө оруулалт татарсан ба үүнтэй зэрэгцэн борлуулах бүтээгдэхүүний хэмжээ, үнэ буурахад хүрэв. Энд дурдсан гурван хүчин зүйл Монгол улсын хувьд нэлээд хүнд нөлөөтэй тусч байна. Үүний зэрэгцээ гадаадын хөрөнгө оруулагчид, зээлдэгчдэд хамаатай эрх зүйн орчинд тодорхойгүй нөхцөл байдал үүсгэсэн шийдвэрүүд гарч томоохон төслүүд гацаанд орсон нь Монгол улсын хувьд нөхцөл байдал улам дордоход хүргэсэн гэж хэлж болно.

Олон улсын уул уурхайн салбарт ойрын хугацаанд нааштай өөрчлөлт гарвал одоо хэрэгжиж буй уул уурхайн төслүүдэд сэргэх боломж өгөх талтай. Гэвч энэ нь бүтцэд оршиж буй угшсан асуудлуудыг шийдвэрлэж чадахгүй. Одоо байгаа салбаруудаа өргөжүүлэх, шинээр салбарууд нээж хөгжүүлэх замаар үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний хэмжээгээ нэмэгдүүлэх, татвар болон орлогоо нэмэгдүүлэх  нь хэдэн жилийн хугацаа шаардах нүсэр ажил билээ.

Хөрөнгө оруулалттай холбоотой эрх зүйн орчинд зарим нааштай өөрчлөлт гараад буй ч гадаадын хөрөнгө оруулагчид Монголд бизнесийн үйл ажиллагаа эрхлэхээс болгоомжилсон хандлагатай хэвээр байна. Оюу Толгойн асуудлаарх маргааныг Рио Тинтотай зөвшилцөн шийдвэрлэж чадвал нөхцөл байдал сайжрахад зарим талаар сайн нөлөө үзүүлэх нь тодорхой ч, сөрөг нөлөө үзүүлж буй өөр хэд хэдэн асуудлыг зайлшгүй анхаарч  шийдвэрлэх нь чухал юм.

Гэвч Монгол улсын засгийн газраас авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээ нь макро эдийн засгийн оновчтой бодлогоор дамжуулж

  • Бага хүүтэй засгийн газрын зээлээр ирээдүйн дэд бүтэцдээ хөрөнгө оруулах,
  • Стратегийн ач холбогдолтой салбарууддаа хөрөнгө оруулах (тухайлбал, уул уурхайн салбар),
  • Ашиг муутай ажиллаж буй төрийн өмчийн компаниудад дэмжлэг үзүүлэх,
  • Үнийг хянаж, барих замаар энгийн иргэдийн амьдралд дэмжлэг үзүүлэх,
  • Бага хүүтэй зээл олгох замаар зарим салбараа дэмжих бололцоог хумьсан гэж хэлж болно.

Монгол улсын хувьд Орос, Хятадын улам бүр өргөжин тэлж буй худалдааны харилцаанд оролцож ашиг олоход анхаарч буй нь оновчтой бодлого юм. Түүнчлэн Хятадтай олон улсын стандартад тулгуурлан шударга нөхцөлтэйгээр худалдаа хийхэд анхаарч сөрөг хандлага нь  багасах болсон. Энэ нь ухаалаг алхам бөгөөд урт хугацаанд аль аль талдаа ашигтай харилцаа бүрэлдүүлэх нь маш чухал ажил юм. Уул уурхайн бүтээгдэхүүнээ олон улсын жишигт нийцэх үнээр экспортлох нь мөн стратегийн хувьд нэн чухал алхам болно.

Гэвч Монгол улсын хувьд бүх өндөгөө нэг сагсанд хийх нь ухаалаг бус үйлдэл гэдгийг маш сайн ухамсарлаж буй бөгөөд Хятадаас гадна бусад томоохон бөгөөд чадварлаг түншүүдтэй хамтран ажиллах нь стратегийн хувьд чухал бодлого болно.

Монгол улсын засгийн газар нь засгийн газар хоорондын дэмжлэгээр  зарим томоохон төслүүддээ хөрөнгө оруулах болсон. Үүнд ялангуяа ойр орших Азийн орнуудын засгийн газруудтай түлхүү хамтрах болжээ. Энэ нь ч мөн чухал бөгөөд засгийн газрын хувьд эдгээр төслүүдээ эдийн засгийн хувьд шударга нөхцөлтэйгээр ирээдүйд уян хатан байдлаар үргэлжлэхэд садаа болохгүй байдлаар хэрэгжүүлэх нь зүйтэй юм.

Тэгвэл макро эдийн засгийн нөхцлийг сайжруулахад ямар арга хэмжээ авах боломжтой вэ? Сонгогчдыг тайтгаруулж бүх зүйл сайхан болно гэж ятгаж болох ч өр зээл тавьж, түүнийгээ зарсаар хямралаас гарч болно гэж сэтгэвэл эндүүрэл болно.

Үүний жишээг 2009-2010 оны хямралын дараа өр зээлэнд дарагдсан засгийн газрууд нь зардлаа нэмэгдүүлж хувийн хэвшлийн салбар нь хумигдсан Европийн болон бусад орнуудын туршлагаас бэлхнээ харж болно. Эдгээр орнууд нь ерөнхийдөө дампуурсан бөгөөд эдүгээ эдийн засаг болоод нийгмээ олон талаас нь өөрчлөн шинэчлэх алхмууд хийж байна.

Макро эдийн засгийн хүндрэлээс гарахад:

Нэгдүгээрт:    Олон улсын харьцуулсан стандартаар Монголын нөхцөл байдлыг үнэлж олон нийтэд мэдээлэх (тухайлбал, Матрихын гэрээ).

Нөхцөл байдал хэрхэн хүндрээд байгааг тодорхой хэмжүүрээр дүгнэн, зорилтууд дэвшүүлэн олон нийтэд танилцуулснаар иргэд макро эдийн засгийн бодлогод ямар өөрчлөлт шаардлагатай байгаа талаар мэдээлэлтэй болно. Үүнд дараах арга хэмжээг юуны түрүүнд авах бололцоотой.

Матрихын хэмжүүр Монголын үзүүлэлт
Инфляци 3% 2011 онд 3% байсан бол 2012 онд 17%, 2013 онд 14% болж өссөн
Төсвийн алдагдал (ДНБ-д эзлэ х%) дээд тал нь 3% Төсвөөс гадуурх зарцуулалтын тооцвол 2013 10% болсон
Валют 2.5% 2011 онд 1300 байсан бол  2014 онд 1880 болж 3 жилийн хугацаанд 44% унасан

Гадаадын хөрөнгө оруулалтыг Оюу Толгойг оролцуулж, мөн оролцуулалгүй тооцож үзэх нь чухал бөгөөд ингэснээр эдийн засаг ерөнхийдөө ямар байдалтай байгаа талаар бодит мэдээлэлтэй болохын зэрэгцээ Оюу Толгой уурхайг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах хөшүүрэг болох боломжтой. Мөн төлбөрийн тэнцэл, экспорт, импортын түвшинг яг таг хянаж байх нь эдийн засаг дахь экспортоос ихээхэн хамааралтай салбаруудын нөхцөл байдлыг бодитой тодорхойлоход тус дөхөм болно. Экспортын хэмжээ өндөр байх нь валютын нөөцөө дундруулалгүй, валютын ханш, хүүгийн хэмжээнд нөлөөлөхгүйгээр импорт хийх нөхцөл болдог.

Хоёрдугаарт: Монгол улсын нийт өрийн хэмжээг тодорхой болгож, санхүүгийн сахилга батыг нэмэгдүүлэх нь маш чухал. Өр тавьж, түүнийгээ төлөх нь жирийн үзэгдэл боловч байгууллагууд нь capital goods хөрөнгө оруулах зорилгоор мөнгө зээлдэг. Энэ зарчим нь өрхийн хувьд ч, бизнесийн болон төрийн байгууллагын хувьд ч яг ижил үйлчилнэ. Зээл тавихад 2 чухал дүрэм байх бөгөөд үүнд:

  • Урсгал зардлаа нөхөх зорилгоор зээл авахгүй байх
  • Хугацаанд нь эргэн төлөх боломжтой хэмжээгээр зээлэх.

Гуравдугаарт: Аяндаа өөрөө засрах боломжгүй зарим нөхцлийг засгийн газрын бодлогод тусган засч залруулах нь зүйтэй. Үүнд:

  1. Монголын эдийн засаг нь дараахь хүчин зүйлүүдэд голлон тулгуурлаж байна:
    • Одоо хэрэгжиж байгаа болон эхэлж буй уул уурхайн төслүүд
    • Ирээдүйд хэрэгжих маш их хөрөнгө оруулалт, олон улсын стандартад нийцсэн технологи шаардсан томоохон уул уурхайн төслүүд
    • Уул уурхайн салбарыг дэмжих дэд бүтцийн бүтээн байгуулалт, цахилгаан эрчим хүч болон хөдөө аж ахуйн төслүүд, түүнчлэн Монгол улсын зам тээвэр, цахилгаан дамжуулах технологийн шинэчлэл
    • Үл хөдлөх хөрөнгө болон эдийн засгийн бусад салбарууд.
  2. Засгийн газар нь одоогоор нэлээд их өр хуримтлуулаад байгаа бөгөөд уул уурхайн төслүүд, томоохон дэд бүтцийн болоод эрчим хүчний төслүүдэд хөрөнгө оруулах мөнгө хүрэлцээгүй байгаа билээ.
  3. Монгол улсын хувьд уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар томоохон төсөл амжилттай хэрэгжүүлсэн туршлага харьцангуй бага.
  4. Монгол улс цаг алдалгүй таатай бөгөөд найдвартай хөрөнгө оруулалтын орчин бий болгож чадах аваас ирэх 10 жилийн хугацаанд уул уурхайн шинэ төслүүдээс орлого олох боломжтой. Гэвч томоохон төсөл хэрэгжиж эхлэх эсэх нь ирэх жилийн хувьд ихээхэн эргэлзээтэй бөгөөд ойрын 5 жилийн хугацаанд ахиу орлого орж ирэх магадлал сул байна.
  5. Засгийн газар нь дотоодын аж ахуйн нэгж, хүмүүсээ янз бүрийн хөтөлбөрөөр дамжуулан дэмжсээр ирсэн. Энэ хэвээр үргэлжилбэл цаашид засгийн газрын өрийн хэмжээ улам нэмэгдэх ба дэмжлэг болгон зарцуулсан мөнгө эргэн төлөгдөх боломжгүй. Түүнчлэн энэхүү арга нь бүтээмжийг нэмэгдүүлэх, өрсөлдөөнийг дэмжихэд ямар ч нөлөөгүй билээ.

Дөрөвдүгээрт: Засгийн газрын бодлогыг өсөлт, үйлчилгээний хүртээмж гэсэн хоёр зүйлээр тодорхойлон чиглүүлэх нь зүйтэй.

Нэгдүгээр зүйлийн хувьд эдийн засгийн хүрээгээ улам тэлж, хамгийн чадварлаг байгууллагуудад өөрсдийнхөө хүч хөрөнгөөр, өртөг багатайгаар ажил хийж гүйцэтгэх боломж олгох нь чухал юм.

Хоёрдугаар зүйлийн хувьд өмнө дурдсан асуудалд нэмэр болохын зэрэгцээ төрийн үйлчилгээг сайжруулах, түүний дотор төсвийн алдагдал, инфляци, зээлийн хүү, байр орон сууцны хямд үнэ зэрэг тодорхой асуудлуудад анхааран төрийн бусад үйлчилгээг сайжруулахад хамаатай болно.

Макро эдийн засгийн хувьд авах ёстой гол арга хэмжээнд:

  • Хязгаарлагдмал төсвийн орлогыг төрийн өмчит компаниуд, хэрэглэгчид, хувийн компаниудыг дэмжихэд зарцуулахаа даруй зогсоох
    • Эдгээр дэмжлэгийг хөдөө аж ахуй болон бусад салбарт бүтээмжийг дээшлүүлэх хөшүүрэг болгон хөрөнгө оруулах хэрэгсэл хэлбэрт шилжүүлэх замаар багасгах арга хэмжээг нэн даруй авах нь зүйтэй.
    • Бүх хэрэглэгчид шатахуун, цахилгаанаа бодит үнээр худалдан авдаг болгох нь чухал. Ингэснээр эхний ээлжинд инфляцид сөрөг нөлөө үзүүлэх ч цаашдаа энэ нөлөө нь арилна.
  • Алдагдалтай ажиллаж буй төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг хувьчилж худалдах нь төсөвт шууд эерэгээр нөлөөлнө.
  • Банкны салбарт шинээр хөрөнгө орж ирэх бололцоог нээх (ингэснээр бизнесийн зорилгоор зээл авахад төлөх хүү багасна)
  • Хүмүүст хадгаламжаа нэмэгдүүлэх хөшүүрэг бий болгох – тухайлбал, орон сууцны зээл авахад дэмжлэг үзүүлэх хадгаламжийн сан бий болгох
  • Цаашид засгийн газрын авах зээлийг
    • Өндөр өртөгтэй зээлийг бага өртөгтэйгээр солих
    • Эдийн засгийн үйл ажиллагаа тогтвортой нэмэгдэж буй салбаруудад чиглүүлэх
    • Ил тодоор шилж сонгосон, ойрын хугацаанд эдийн засгийн цэвэр үр өгөөж нь тодорхой төслүүдэд хөрөнгө оруулах зорилгод зарцуулах нь илүү оновчтой.

Тавдугаарт:  Гадаадын хөрөнгө оруулалтыг татах аргачлалаа өөрчлөх шаардлагатай.

Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулалтын орчныг нааштай болгохоор хуульд өөрчлөлт оруулах, сурталчилах зэрэг ажлуудыг хийж эхлээд байна. Хөрөнгө оруулагчдын хувьд юу юунаас илүүтэй тухайн улсын шийдвэр гаргагчдад итгэх итгэл, байгуулсан гэрээгээ хүндэтгэн биелүүлэх чадвар, аливаа маргааныг шударгаар шийдэх чадамжтай эрх зүйн тогтолцоо зэргийг чухалчлан авч үздэг ба үүнийг засгийн газар маш сайн ойлгодог болоод байна. Засгийн газрын зүгээс татварын орчныг тогтворжуулах гэрээ байгуулж эхэлсэн ба Монголд хэрэгжиж буй төслүүдэд санхүүжилт татахад бусад арга хэмжээг басхүү авах зайлшгүй шаардлагатай. Үүнд:

  • Татварын шинэ хөшүүргээр дамжуулж шинээр үйл ажиллагаа эхлүүлэхэд дэмжлэг үзүүлэх
  • Засгийн газар, төрийн байгууллагуудын зүгээс сайн төслийг (олон улсын санхүүжилт шаардлагатай) дэмжин эхлүүлэх чинхүү эрмэлзлэл, хандлагатай болох бүх зөвшөөрлөө авсан тохиолдолд шуурхай хэрэгжиж эхлэхэд нь мөн аль болох дэмжлэг үзүүлэх.

ҮСХ-ийн байр суурь

Хашчулуун болон Макрей Монголын эдийн засгийг сайжруулахад ямар арга хэмжээ авч болох талаар тус тусын байр сууриа илэрхийлсэн нийтлэлийг Та бүхэнд хүргэлээ. Эдийн засгийн хөгжлийг нэмэгдүүлэх, Монголчуудын амьдралын стандартыг сайжруулах өөрчлөх нь амаргүй ажил юм. Үүнийг хийхдээ хөрш орнууд, худалдааны түншүүд, олон улсын хөрөнгө оруулагчид, банкуудын хэрэгцээг бодолцох нь Монголчуудын хувьд илүү нааштай үр дүнд хүрэхэд дөхөм болно.

Макрей өөрийн нийтлэлдээ засгийн газрын зүгээс макро эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар болон цаашдын боломжит хувилбаруудын тухай иргэдэд тодорхой мэдээлэл өгч,  нэн даруй авах шаардлагатай байгаа амаргүй шийдвэрүүдийг яаралтай гарган хэрэгжүүлэх хэрэгтэй байгааг онцолсон.

Улс төрийн намуудын хувьд тус тусын баримтлах макро эдийн засгийн бодлого, байр сууриа тодорхойлж танилцуулах нь зүйтэй бөгөөд ингэснээр 2016 оны сонгуулиар сонгогчид хэнийх нь бодлого оновчтой байгааг шүүн саналаа өгөх бололцоотой болно.

Эцэст нь нэмж хэлэхэд макро эдийн засгийн үзүүлэлтийг танилцуулдаг тусгай мэдээллийн самбар ажиллуулж иргэд энэ талаар байнга мэдээлэл авах бололцоог нээх нь зүйтэй.

Leave a Reply