Б.Мөнхсоёл: Бодит байдлаас зугтаах биш эдийн засгийн шийдвэртэй алхам хийх цаг нь болсон


Монголын эдийн засгийн нөхцөл байдал, төсвийн алдагдал, ханшийн асуудлаар Үндэсний Стратегийн Хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхсоёлтой www.ikon.mn ярилцсаныг та бүхэнд бүрэн эхээр нь хүргэе.

-Төсвийн алдагдал энэ оны эхний хагас байдлаар 1.1 их наяд төгрөг гарчихлаа. Цаашид хоёр их наяд төгрөгийн алдагдал хүлээж магадгүй гэж зарим эдийн засагчид ярьж байна. Энэ нь түүхэн дэх хамгийн их алдагдал болж байгаа. Үүнд нөлөөлж буй хүчин зүйл юу вэ?

-Сүүлийн 3-4 жил дарааллаад төсвийн алдагдал нэг их наяд төгрөг гардаг болчихсон. Жил бүр эдийн засагчид, төсөвт анализ хийдэг хүмүүс төсвийн зарлагаа бууруулж, оновчтой төлөвлөх, төсвийн орлогыг бодитоор төсөөлөх хэрэгтэй байна гэж анхааруулдаг байсан.

Нэг талаар тухайн жилийн төсвийн төслийг хэт эерэг, өөдрөг төсөөлснөөс болж алдагдал их гарахад хүрч байна. Тиймээс ч төсвийн тодотголыг нэг бус хоёр удаа ч хийх тохиолдол гарч байна.

Өнгөрсөн цаг хугацаанаас бий болсон сургамж юу вэ гэвэл нэгдүгээрт, төсвийн тухай хуулийн төслийг төсвийн тогтвортой байдлын шалгуур үзүүлэлтүүдэд бүрэн нийцүүлэхгүй, төсвийн хүрээний мэдэгдлийн гадуур явдаг.

Хоёрдугаарт, Сангийн яамнаас Төсвийн тухай хуулийн төслийг УИХ-д оруулж ирэхэд гишүүд эрсдлийг үл тоомсорлон өөрсдийн эрх мэдлийг ашиглаж бодит бус төсвийн тухай хууль баталдаг.

Эдийн засгийн хүндрэл, гадаад дотоод орчны нөлөө, хэрэгжүүлж буй бодлогоос хамаараад бодит байдал дээр төсвийн орлого бүрдэхгүй байх олон эрсдэл биелэлээ олоод байна.

Тухайлбал, манай гол экспортын түүхий эд, бараа, бүтээгдэхүүний олон улсын зах зээл дээрх үнийн уналт, (борлуулалтын хэмжээ харьцангуй өссөн), валютын ханшны хэлбэлзэл. Хэдийгээр Төсвийн тогтвортой байдлын хуулийн дагуу төсвийн орлогыг тооцохдоо тухайн үеийн зах зээлийн үнэ ханш биш, тэнцвэржүүлсэн үнэ ашигласан боловч бодит байдал дээр ихэнх эрдэс бүтээгдэхүүний үнэ унасаар. Жишээ нь, зэсийн үнэ 4,800$/т, харин төсөвт тэнцвэржүүлсэн үнийг 5137.7$/т байхаар тооцсон гэх мэт. Энэ зөрүү төсвийн орлогыг төсөөлснөөс илүү унагаж, орлого бүрдэлтэд сөргөөр нөлөөлж байна. Монгол Улсын экспортын орлогын 80 гаруй хувь уул уурхайн салбараас бүрддэгийг бид мэднэ.

Хэдийгээр төсвийн сахилга батыг бий болгох зорилгоор ТТБ-ын хууль баталсан нь сайхан хэрэг боловч одоог хүртэл үүнийгээ хэрэгжүүлж чадахгүй байна.

-Төсвийн орлого бүрдүүлэлтэд сөргөөр нөлөөлсөн өөр ямар онцлог шалтгаан байгаа вэ?

-Энэ жилийн хувьд мөн орлогын нэг гол эх үүсвэр өмч хувьчлал буюу өмч хувьчлалын орлогоос 400 орчим тэрбум төгрөг орж ирнэ гэж тооцож байсан боловч төлөвлөсөн хувьчлалууд бүрэн хийгдсэнгүй. Тухайн үедээ зарим өмчийн хувьчлалын хувьд цаг үеэ олоогүй, төрийн өмчийг үнэгүйдүүлэх нь хэмээн сөрөг хүчнийхэнд шүүмжлүүлж байсан.

Нөгөө талдаа, мэдээж төсвийн зарлагын асуудал байна. Зарлагаа аль болох танаж, зайлшгүй зардлуудыг гаргах ёстой гэж байсан. Гэсэн хэдий ч төрийн аппарат данхгар хэвээрээ байна. Данхайсан төртэй байна гэдэг оновчгүй зардал ихтэй байна гэсэн үг.

Зарлагын хувьд мөн төлөвлөсөн зарим ажлууд хийгдэхгүй байгаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага 2016 оны эхний хагас жилийн байдлаар 4,872.0 тэрбум төгрөгөөр төлөвлөгдсөнөөс 3,665.1 тэрбум төгрөгийн буюу 75.2 хувийн, улсын төсвийн зарлага 3,486.4 тэрбум төгрөгөөр төлөвлөгдсөнөөс 2,659.8 тэрбум төгрөгийн буюу 76.3 хувийн гүйцэтгэлтэй гарсан байна.

Хамгийн гол нь Монголбанкны валютын нөөц бодит утгаараа хасах дүнтэй, гол экспортын бүтээгдэхүүнүүдийн үнэ унасан, гадаадын хөрөнгө оруулалт саарсан, өр зээлээ төлж эхэлсэн зэрэг нь дотоод, гадааддаа байдлыг улам хүндрүүллээ. Гадаадаас хөрөнгө босгоё гэхээр манай зээлжих зэрэглэл “сөрөг” гэж үнэлэгдсэн учраас олдвол үнэтэй л олдоно.

2014 оноос эхлээд эдийн засгийг идэвхжүүлэх арга хэмжээ авахгүй бол болохгүй гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч байв. Эдийн засагчид эдийн засгийн мөчлөг сөрсөн бодлого явуулах ёстой буюу орлого сайн орж байгаа үед хуримтлал үүсгэж, харин цаг хүндэрсэн үед царцанги байдлаас аврахын тулд хуримталсан мөнгөө ашиглан эдийн засгаа тэтгэе гэж их ярьсан боловч харамсалтай нь, ярихаас хэтэрсэнгүй.

Хамгийн гол нь бидэнд мэдлэг дутаагүй. Ярьсан зүйлээ хэрэгжүүлэхгүй байгаагаас гол асуудлууд үүсч байгаа юм болов уу гэж би хувьдаа боддог.

-Дараагийн алхам нь юу байж болох вэ. Олон улсын валютын сангийн тусламжийн хөтөлбөрт хамрагдах хэрэгтэй гэсэн санал гарч байна?

-ОУВС-ийн Стэндбай хөтөлбөрт хамрагдах хэрэгтэй гэсэн саналыг сонгуулиас өмнө зарим эдийн засагчид гаргаж байсан.

Гэхдээ ОУВС-гаас Стэндбай хөтөлбөрт хамрагдах орнууддаа маш өндөр шаардлага тавьдаг. Бүх дата, нөхцөл байдлыг нь харж анализ, дүн шинжилгээ хийнэ. Хязгаарлагдмал байдлаар маш сахилга баттайгаар төсөв, мөнгөний бодлогоо хэрэгжүүлнэ. Нээлттэй, ил тод байхыг шаардана.

Тийм учраас тухайн улсад өөрсдийн зоргоор бодлогоо хэрэгжүүлэхэд хязгаарлагдмал болно. Үүнээс үүдээд зарим Засгийн газрууд Стэндбай хөтөлбөрт хамрагдах сонирхолгүй байдаг. Гэхдээ яг өнөөдрийн байдлаар асуудал тулгамдсан учир Стэндбай хөтөлбөрт хамрагдах байх гэж харж байна.

-Ханш цаашид яах бол. Ам.долларын ханш 2,200 руу дөхчихлөө?

-Эрэлт нь өндөр хэрнээ ам доллар олдохгүй байгаа учраас ханш өндөр тогтож байгаа. Яагаад доллар олдохгүй байна вэ гэхээр экспортын хэмжээ багассан, гадаадын хөрөнгө оруулалт буурсан, валютын нөөц нэмэгдэхгүй байгаатай холбоотой. Мөн иргэдийн төгрөгт итгэх итгэл буурч байна гээд олон шалтгаан байна.

Хэдийгээр Монголбанк интервенц хийж хөндлөнгөөс оролцдог ч гэсэн валютын нөөц “хасах” руу орсон учир боломж хязгаарлагдмал байна. Тийм учраас ханш цаашид өсөх хандлагатай.

Нөгөө талдаа Монгол Улсын зах зээл жижиг, хүн ам цөөн, идэвхтэй аж ахуй эрхэлдэг хүмүүсийн тоо харьцангуй бага. Эдийн засгийн хямралаас шалтгаалж ААН-үүд цомхтгол явуулж, зарим нь хаалгаа барьж байна гэдэг ажилгүйдлийг ихэсгэнэ. Үүнийг дагаад төсвийн орлогыг бүрдүүлдэг албан татваруудын хэмжээ ч багасч байна.

Тиймээс бие биеэсээ хамааралтай энэ олон хүчин зүйлсийг том зургаар нь харах хэрэгтэй. Гарч ирж байгаа нэг шинж тэмдгийг эмчлэх гээд яваад байвал асуудал бүрэн утгаараа шийдэгдэж чадахгүй.

-Гадаадын хөрөнгө оруулалт хурдан хугацаанд сэргэх найдвар бий юу?

-Одоогийн байдлаар манай Монгол Улсын хувьд гэлтгүй олон улсын зах зээл дээр ч байдал амаргүй байна. Гадаадын хөрөнгө оруулагчдыг татдаг манай гол салбар бол уул уурхай.

Уул уурхайн салбараас гардаг бүтээгдэхүүний үнэ уначихсан байгаа учраас олон улсын зах зээл дээр гадаадын хөрөнгө оруулагчид энэ салбарт төдийлөн ач холбогдол өгөхгүй байна.

Хоёрдугаарт, манай улс төрчдийн хийсэн алдаа дутагдлаас болж жамаараа явж байсан бизнесүүд хумигдсан тал бий. Нэгэнт гарчихсан хөрөнгө оруулагчдыг эргээд татахад хэцүү байна.

Хэдий Засгийн газраас энэ асуудал дээр хүчтэй анхаарна гэсэн ч ойрын хугацаанд томоохон өөрчлөлт гарна гэдэгт би итгэлгүй байна.

-Засаг мөнгөгүй болсон учраас халамжийн мөнгийг танах нөхцөл байдал бий болох байх гэсэн таамаглал дэвшүүлээд байна?

-Стэндбай хөтөлбөрт орвол ОУВС-гаас тийм шаардлага тавих байх. Халамжийн бодлогын хувьд зорилтот группдээ хүрэх ёстой гэсэн байр суурийг эдийн засагчид илэрхийлдэг. Гэхдээ үүний сул тал нь зохион байгуулалтын зардал өндөртэй учир хавтгайруулж өгөхөд хүрдэг гэж үздэг.

Гэхдээ Монголын өнөөгийн эдийн засаг хүссэн хүсээгүй бүхий л бодлогыг оновчтой, хязгаарлагдмал байдлаар явуулах нөхцөл байдал руу түлхэж байна.

Хүн бүр л сайн сайхан амьдрал руу тэмүүлж байгаа. Хамгийн гол нь төрийн оновчгүй данхар бүтцийг халж, авилгаас ангид байж, бизнесийн шударга, таатай орчныг бүрдүүлэн ажлын байр бий болгоход гол анхаарлаа чиглүүлвээс байдал сайжирна.

Хэрэв улс төрчид бүх асуудлыг иргэн болгонд таалагдахаар шийдэж, популист хандлага гаргаад байвал эдийн засагт хохиролтой. Тийм учраас хүнд ч бай, хатуу ч бай зөв оновчтой бодлого явуулаасай гэж хувь хүнийхээ хувьд хүсэж байна.

Өөрсдийгөө хуурах нь асуудлыг шийдэхгүй.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: www.ikon.mn